Ховд аймгийн музейд хоёр хүн чулуу бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-01 13:12:48

Ховд аймгийн музейн үзмэрт хоёр хүн чулуун хөшөө хадгалагдаж байдаг юм.

Музейн эртний түүхийн танхимд нэгэн хүн чулуун хөшөөний зөвхөн толгойн хэсэг нь бий. Хөх саарал өнгийн боржин чулууг цоолборлож үйлджээ. Өндөр нь 49 см, өргөн нь 23 см, зузаан нь 12 см. Ам, хамар, хөмсөг, чих, эрүү зэргийг тодорхой дүрсэлжээ. Арвай хэлбэрийн нүдтэй. Хөшөөг Мөнххайрхан сумын нутаг Долоон нуураас зөөж авч ирсэн байна.

Харин нөгөө нь 30 см өндөртэй, 20 см өргөнтэй, зузаан нь 18 см. Уг хөшөөг Чандмань сумын нутаг Бүдүүний шилээс 1950-иад оны дунд үед авч ирж музейн үзмэрт тавьсан байна. Нүүрний хэлбэр дүрсийг маш уран сийлбэрлэсэн байна. Нэлээд шовгор толгойтой боловч энэ нь малгайны хивсгийг дүрсэлсэн бололтой. Жижиг амтай, том нүдтэй, хянга хамартай. Хоёр чихэнд нь урт ээмэг дүрсэлжээ.

Дээрх хөшөөдийн хэлбэр төрх, хийц маягийг ажихад, эртний Түрэгийн хүн чулуу урлан бүтээх уламжлалт загварын дагуу бүтээгдсэн гэж мэрэгжилтнүүд үздэг.

 

А.Бямбасүрэн

関連ニュース