Ховд аймгийн ЭМГ-т түргэн тусламжийн машин олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-01 13:14:09

Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлагаас Xовд аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн "Пургон" машин олголоо.

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Эрүүл Мэндийн Газрын дарга Б.Амаржаргал нар Улаанбаатар хотод томилолтоор  ажиллах үеэрээ түргэн тусламжийн машинаа хүлээн авч Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлагийн төлөөлөлтэй уулзан, эрүүл мэндийн болон бусад салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлагаас Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай  аймгуудын Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн "Пургон" машин олгосон юм байна.

Тус түргэн тусламжийн машин нь яаралтай тусламж үзүүлэх, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний бичлэг хийх зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй явуулын үйлчилгээ үзүүлэх ба алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд зориулагджээ.

Энэ жил Ховд  аймгийн Эрүүл мэндийн газар таван сумын эмнэлгийн машиныг шинэчлэх зорилт тавьснаас одоогоор Алтай, Үенч сумын эмнэлгийн машин шинэчлээд байна. Одоо Булган, Эрдэнэбүрэн, Цэцэг сумын эмнэлгийн машинуудыг шинэчлэхээр ярьж байна.

А.Бямбасүрэн

 

関連ニュース