Засаг дарга хөдөө орон нутагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Цэцэг, Мөст сумын иргэдтэй уулзалт хийж үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулан тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Ажлын хэсэгт Аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Уранчимэг, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын албаны хүмүүс ажиллаа. Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 4 бүлэг, 22 дэд бүлэг, 98 зорилт, 346 заалттайгаар ИТХ-ын 2016 оны 12-р сарын 02-ны хурлын тогтоолоор баталсан юм.
Засаг даргын мөрийн хөтөлбөрт Мөст, Цэцэг сумдад энэ дөрвөн жил бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэхээр тусгагджээ. Тухайлбал: Булган-Үенч чиглэлийн авто замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтанд оруулах, Мөст, Эрдэнэбүрэн сумын төвийг Босоо тэнхлэгийн авто замтай холбох, Сумын төвийн гэрэлтүүлэг, авто зам, тохижилтын ажлыг ашиглалтанд авах, Дарви, Цэцэг, Мөст, Зэрэг сумдыг харьяалан ажиллах Цагдаагийн тасгийг Цэцэг суманд байгуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлнэ.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд аймаг сум, орон нутгийн хөгжил цэцэглэлттэй холбоотой олон чухал асуудлыг хөндөн харилцан ярилцаа.
Тухайлбал: цалин хөлс хасахгүй байх, сум орон нутагт орон тооны цомхотгол хийхгүй байх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, мал эмнэлэгийн тасгийг улсын мэдэлд оруулах, Хөшөөт тосгоныг нүүлгэн шилжүүлэх болон нүүрсний үнэ, сумдад олгох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаа иргэд аймгийн Засаг даргад уламжиллаа. Иргэдийн асуусан асуултанд ажлын хэсгийнхэн хариулт өгч, шийдвэрлэж болох зарим асуудлыг газар дээр нь шийдэн ажиллаа. Ялангуяа орон тооны цомхотгол, цалин хөлс хасдаг асуудлыг таслан зогсоохыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог холбогдох салбарын удирдлагуудад үүрэг болголоо.
Ажлын хэсэг дараа нь Манхан суманд ажиллаж, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулан, аймаг орон нутгийн цаг үеийн мэдээллийг хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сум орон нутагт чиглэсэн олон ажлууд тусгагдсан. Тухайлбал: Манхан, Зэрэг, Дарви, Жаргалант, Мянгад сумдад мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйг байгуулах асуудлыг дэмжиж, төв суурин газрын хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн Алтай, Буянт, Булган, Үенч, Дарви, Манхан, Ховд, Эрдэнэбүрэн сумдын атаршсан талбайд үр тариа, улаан буудай, тэжээлийн ургамал, тосны ургамал тариалах тариалалтын хэмжээг нэмэгдүүлж, бүсчилсэн тэжээлийн үйлдвэр, цехүүдийг байгуулах талаар тусгасан нь газар тариаланг хөгжүүлэх томоохон бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Мөн аймгийн төв рүү орох, төвөөс гарах гурван чиглэлийн зам, Эрдэнэбүрэн сумын Хонгио, Манхан сумын гурван замын бэлчир, Булган сум зэрэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх бүрэн тоноглосон пост ажиллуулж, тээврийн хэрэгсэлд даацын хяналтыг тавьж, авто замын ашиглалтыг сайжруулахаар тусгасаныг Манханчууд талархан хүлээн авч байлаа. Манхан сумын төвийн гэрэлтүүлэг, авто зам, тохижилтын ажлын төслийг гүйцэтгүүлж ашиглалтанд авахаар төлөвлөөд байна. Цаашид Манхан сумаас Хөшөөтийн уурхай хүртэл 110кВ-ын ЦДАШ, Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэл 35 кВ-ын ЦДАШ барихаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байна.
Манхан суманд тулгамдаж буй асуудлын нэг нь хүүхдийн цэцэрлэгийн барилга юм. Иймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Манхан сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл барихаар тусгасан байна. Аймгийн Засаг даргын хувьд үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан нэг чухал асуудал бол аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого юм. Энэ чиглэлээр Манхан сумын Гурван сэнхэрийн агуйд түшиглэсэн аялал жуулчлалын төв байгуулах талаар тусгагдсаныг тус сумын иргэд талархан хүлээн авч, дэмжиж байлаа.
А.Бямбасүрэн