Сүлжээний бизнест иргэд мөнгөө залгиулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД"Цахим ертөнцөөр жиргээд байгаа мөнгө арвижуулдаг ULТimaecycle амжилт орлогын эх үүсвэрт тавтай морил. Та 62500 төгрөгөөр элсэж, урсах зарчмаар яваад 250,000 төгрөгийн цалин авна" гэсэн сүлжээнд олон хүн элсэж мөнгөө залилуулсан талаар Ховд аймгийн зах дээр жижиг бизнес эрхэлдэг хүмүүс ярьж байна.
Ер нь зах төдийгүй, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудаар ийм мөнгө арвижуулах сүлжээ газар авч олноороо элсэх болжээ. Саяхан Ховд аймгийн Титэм плаза худалдаа үйлчилгээний төвийн дэргэд хүмүүс маш олноороо цугларч сүлжээнд элсэж, мөнгөө нэг дахин нэмэгдүүлж авахаар бүртгүүлээд хоосон хоцорсон хүмүүс цугларсан байв. “Цалингаас гадуур нэмэлт орлоготой болох эсвэл гэртээ суугаад мөнгө олох гэсэн хүслээр далимдуулж иргэдийг луйвардаж байгаа хэрэг хөдөө орон нутагт гараад байна. Иргэдээс 62500 төгрөг аваад 5-7 хоногийн дотор 187500 болгож өгнө гэж тохиролцлоонд хүрч иргэдийг татан оролцуулсан байна. Үүнээс 800 гаруй хүн 50 сая төгрөгөөр хохироод байна.200 гаад хүн 187500 төгрөгний буцаан авалтаа авсан “гэж иргэд ярьж байна.
Ховд аймагт байрлах тус сүлжээний оффис дээр иргэдийг очиход "Хохь нь та нарыг хэн мөнгөө өг гэсэн юм" гээд тоосон шинжгүй байна гэж иргэд эгдүүцэж байна. Иргэдийн ярьснаар 187500 төгрөгөө авсан хүмүүс байгаа бөгөөд найдвартай гэхээр нь дахин 4 хүнийг элсүүлж мөнгөө авч чадаагүй хохирсон байна. Зарим аргаа барсан иргэд цагдаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сүлжээнд элсэж орохгүй байх талаар хангалттай сэрэмжлүүлэг мэдээллийг өгөөгүй гэж байна. Цагдаагийн газраас сүлжээний бизнес явуулахыг хуулиар хориглосон байдаг ч хөдөө орон нутагт мэдээлэл дутмаг байдаг байна.
Сүлжээнд оролцсон 100 гаруй хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандсан боловч тэднийг шүүх рүү явахыг зөвлөжээ. Албан бус эх сурвалжийн ярьснаар сүлжээнд элсэгчдийн нэрсийн жасгаалтыг мөнгөн дүнтэй, регистртэй, данстай нь бичиж, элсүүлэн нэрсийн жагсаалт бичсэн хүнийг цагдаад өгсөн ч үүнийг зохион байгуулсан эзэн олдохгүй байгаа гэв. Харин интернетээр орж үзэхэд нөгөө сүлжээний бизнес хүн бүхэнд ашигтай, зүгээр сууж байгаад мөнгөө нэг дахин өсгөөд ав гээд байсан нь одоо хаягаа устгаад алга болсон байна гэлцэж байна.
Өнгөрсөн оны 11 сараас эхлэн мөнгө арвижуулах сүлжээний бизнес тархаж, гэр бүл найз нөхөд, хамаатан саднуудын дунд эхний хүн 62500 төгрөгөөр элсэж, доороо сүлжээ үүсгэж, бусдынхаа амьдрал ахуйг өөд татаж, алга хөрвүүлэх зуур ашгаа олдог гэх цуу яриа тархаж, олон хүн итгэж, нэг нэгнийгээ ятгаж, элсүүлж байсан нь талаар боллоо. Энэ жил мөнгөний сүлжээний бизнес хүмүүсийг ховсдох мэт татаж, олноороо элсэж хохирол амсаж,ажилгүй иргэд,зарим төрийн болон төсвийн байгууллагынхан хүртэл элсжээ. Эдгээр бизнес нь ямар ч бараа таваар зарахгүй, зөвхөн мөнгөө төлж, элсээд дахин хүмүүсийг урих тогтолцоотой байх юм. Ийнхүү зөвхөн бэлэн мөнгөн дээр оршин тогтнож буй сүлжээний маркетингтай бизнесийг хаанаас хянаж, хууль зүйн зохицуулалт хэрхэн хий вэ гэх асуулт гарч байгаа юм.
А.Бямбасүрэн