Малчид малдаа дур мэдэн эм тариа хэрэглэдэг нь өвчин гарахад нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Ховд сумын засаг дарга Ш.Эрболаттай өвөлжилт цаг үеийн ажил, малын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.
-Танай суманд мал өвөлжилтийн байдал ямар байна?
-Бид Ховд аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсны дараа, сумынхаа төрийн байгууллагуудтай гэрээ хийж дуусаад ажил жигд явагдаж байна. Сумын мал аж ахуйн дөрвөн багт ажлын хэсэг гарч, малчдын санал бодлыг сонсож, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж, малчдын 80 хувьтай нь уулзлаа. Манай суманд онцгой тулгамдсан асуудал одоохондоо гараагүй байна. Харин энэ өвөл цас ороогүй удлаа.
-Цасгүй байгаа нь усны асуудалд хүндрэл гарч байна уу?
-Манай суманд өвөлжилт хэвийн явагдаж байна. Цас орохгүй болохоор малчид төдийгүй малын унд усны асуудал хүндрэл дагуулж, худаг усны ачаалал ихэсдэг. Малын биеийн 70 хувь нь ус байх ёстой. Малчид гол, ус, худагнаас алс байвал малын тарга хүч буурч, туурайн зуд болдог талтай. Өдөр бүр малаа услах, худаг ховоо татах гээд малчдын ажил ачаалал нэмэгддэг. Малын усан хангамж нэмэгдүүлэхээр Баянбулаг багийн нутагт ундрага сайтай хоёр худганд насос тавьж өгсөн.
Малчид цаг агаарын мэдээ гар утсаараа авахад сум орон нутаг ямар үүрэг хүлээдэг вэ?
Сумын Цаг уурын өртөөгөөр дамжуулан малчдад гар утсаар мэдээ өгөх зорилгоор 650 малчинтай холбоотой ажиллах боломж бүрдүүлж Засаг даргын зүгээс тодорхой санхүүжилт хийсэн. Долоо хоног бүр нэг дэх өдөр шуурхай мэдээлэл хийж, төрийн албан хаагчид багийн засаг дарга нар малчдад мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулдаг.
-Сүүлийн үед малын гоц халдварт өвчин их гарах боллоо, танай сум урьдчилан сэргийлэх ажилд хэр анхаарч байна?
-Манай суманд аймгийн төвийн сум Жаргалант, Эрдэнэбүрэн, Буянт сумаас тодорхой тооны мал өвөлжиж байна. Өнгөрсөн онд манай суманд хонь, ямааны гоц халдварт мялзан, цэцэг өвчин гарсан. Аймгийн Онцгой байдал, ХАА-н газар, Жаргалант сум хамтран богино хугацаанд өвчнийг тараахгүй барьж чадсан. Сум хоорондын малчдын нүүдэл, бэлчээр ашиглалт халдварт өвчин тархаах нөхцөл бүдрүүлж, хаврын 16 төрлийн мал маллагааны уламжлалт ажлууд замбараагүй болчихжээ. Үүнийг дахин сэргээх хэрэгтэй. Мал угаалгын ванн сүүлийн 20 жил ашиглаагүй, керолин ариутгал огт хийгдэхгүй байна. Малчид зарим нь дур мэдэн малдаа эм тариа хийдэг, хуурамч эм тариа мэдэлгүй худалдан авдаг зэрэг нь халдвар өвчин гаралтад нөлөөлж байна. Ийм учраас өмнө гарсан өвчин дахин сэргэх боломж байна. Ариун цэвэр халдваргүйжүүлэлт тогтмол хийж, бэлчээр ашиглалттай тэмцэж чадвал халдварт өвчний ард гарна.
-Та сумын засаг даргын хувьд асуудлаас гарах ямар гарч байна гэж та харж байна?
-Мал төрийн хамгаалалтад байна гэж заасан байтал, малаа хувьчлаад зөнгөөр нь орхисон байдлыг одоо хумих, бодлого шийдвэрээр зохицуулах асуудал зайлшгүй гарч ирж байна. Малчид малаа эрүүл байлгаж, эрүүл хүнсээр хүн арддаа үйлчлэх ёстой гэдэг ухамсар төлөвшлийг ярих цаг иржээ. Хувийн мал эмнэлгийг төрийн мэдэлд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Малаа эрүүл байлгаж нэмүү өртөг шингээж чадвал мал экспортлох боломж бидэнд байна.
А.Бямбасүрэн