Москва: Крымыг Украинд буцааж өгөхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Reuters/. Хар тэнгисийн эрэгт орших Крымын хойгийг Украинд буцааж өгнө хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп найдаж байна гэж Цагаан ордон мэдэгдсэний дараа ОХУ хариу мэдэгдэл хийхдээ “Крымыг Украинд буцааж өгөхгүй. Энэ асуудлаар гадаадын түншүүдтэй ямар нэгэн яриа хэлэлцээ хийхгүй” гэж мэдэгдлээ.
2014 онд явуулсан бүх нийтийн санал асуулгаар Крымын оршин суугчдын дийлэнх олонх нь Оросын харьяанд орохыг дэмжсэн гэж Москва мэдэгдсэн байна.
Харин уг санал асуулгыг Украин “луйвар” гэж үздэг. Киевийн эрх баригчид мэдэгдэхдээ “Оросын талыг баримтлагч Ерөнхийлөгч Виктор Януковичийг ард иргэд түлхэн унагаагаад байх үед орос цэргүүд сонгогчдод "буу тулган" Крымыг хууль бусаар Москвагийн харьяанд оруулсан. Тиймээс Москвагийн эрх баригчид Крымыг буцааж өгөх хэрэгтэй” гэсэн юм.
ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “бид өөрийн улсын нутаг дэвсгэрээс бусдад өгч чадахгүй. Крым бол ОХУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг” гэжээ.
2014 онд ОХУ Крымыг өөрийн харьяанд оруулсны дараа АНУ болон Өрнөдийн улсууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаар Москва болон Өрнөдийн харилцаа хүйтэн дайнаас хойш хамгийн оргилдоо хүрч хурцдаад байгаа билээ.
Г.Доржханд