Хонины цэцэг өвчний нөхөн төлбөрт 350,0 гаруй сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Хашаат, Өгийнуур суманд гарсан хонины цэцэг өвчний улмаас 3185 хонийг зориудаар устгаад байна. Эдгээрийн нөхөн төлбөрт 350,0 гаруй сая төгрөгийг малчдад олгох мөнгөн дүн гарчээ.
Мөн өвчний үеийн үйл ажиллагаанд 47,0 сая төгрөг, томилолт урамшуулалд 100,0 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Энэ тооцоог Улсын Онцгой комисс руу мэдээлж, Засгийн газрын нөөцөөс гаргуулахаар уламжилсан байна.
Хэдийгээр өвчний халдвар тархалт буурсан ч бүрэн зогссон гэж тайвширч болохгүйг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байгаа юм. Удахгүй мал төллөхөөр өвчин дахин гарахгүй гэх баталгаагүй гэж байна. Тиймээс сумдын мал эмнэлэг, малчид урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч байх хэрэгтэй. Малынхаа хашаа хороог ариутгах ажлыг дулааны улирал эхлэнгүүт үргэлжлүүлж, малаа эрүүлжүүлэн, угаалгад оруулах шаардлагатайг зөвлөж байна.
Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатар:
Зөвхөн Архангай аймаг гэлтгүй улсын хэмжээнд цэцэг, мялзан, шүлхий зэрэг өвчин гарч байгаа учраас малд ямар нэг өвчний шинж тэмдэг илэрбэл мэргэжлийн байгууллагад цаг алдалгүй шуурхай хандах нь зүйтэй юм. Хэрвээ нуун дарагдуулбал хохирол тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Малчид малдаа байнга үзлэг хийж, хариуцлагатай байх хэрэгтэй. Малын гоц халдварт өвчний үед ажиллах, өвчний шинж тэмдгийг мэдэх зэргээр мэдлэг дадлагаа сайжруулах шаардлагатай байна.
Архангай аймгийн Хашаат, Өгийнуур суманд гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг цуцлаад байгаа. Өвчлөл гарсан сумдын нийт хонийг вакцинжуулж дуусчээ. Ирэх дөрөвдүгээр сараас аймгийн бүх сумын хонин сүрэгт вакцин хийхээр төлөвлөж байна.
О.Амарзаяа