Генетикийн аргаар бий болсон хүмүүс удахгүй бидэнтэй цуг алхана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-16 15:09:15

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын ШУА-иас гаргасан тайланд "генийн инженерчлэлийн технологийг ирээдүйд хүний ДНХ-г өөрчлөн засварлахад ашиглана" гэжээ. Зарим хүн үүнд эргэлзэж байгаа хэдий ч био ёс зүйг судалдаг эрдэмтэд хэлэхдээ “судлаачид энэ боломжийг бий болгохын төлөө ажиллах нь тэдний ёс суртахууны үүрэг” гэсэн байна.

Эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, ёс зүйн мэргэжилтнүүд болон өвчтөний өмгөөлөгчдийн хамтарсан комисс “эцэг эхийн алдаатай генийг гуравдагч этгээдийн эрүүл ДНХ-ээр орлуулан хүний геномийг засварлахын тулд ирээдүйд энэ технологийг ашиглах болно” гэж уг тайланд бичжээ. Түүнчлэн өөр арга хэмжээ авах боломжгүй болсон онцгой тохиолдолд уг технологийг хатуу хяналтын дор зохих удирдамжийн дагуу ашиглах аж.

Энэхүү ген засварлан өөрчлөх технологийг “CRISPR” (Clustered Regularly Interspaced Short Palindromic Repeat) буюу хүний РНХ-ээс хэсэгчлэн авч ДНХ-ийн зөв дараалалд оруулан нийлүүлэх  аргыг ашиглан боловсруулжээ. “CRISPR” нь хүний генийг засварлах хамгийн шуурхай бөгөөд өртөг багатай арга бөгөөд Хантингтоны өвчин, уйланхайн фиброз зэрэг хүнд өвчнүүдээс урьдчилан сэргийлэх шилдэг арга болно гэж үзэж байна.

2017 оны хоёрдугаар сард ген засварлах туршилтыг лабораторийн хулганууд дээр амжилттай хийжээ. Одоохондоо хүн дээр туршилт хийгээгүй байгаа юм.

Генийг засварлан өөрчлөх технологи нь “нийгэм дэх тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, нийгмийн дарамт үүсгэнэ”, “онцын шаардлагагүй технологийг ашиглах гэж байна” гэсэн маргааныг хүмүүсийн дунд үүсгэж магадгүй юм. 

Жил бүр дэлхий дээр төрж буй хүүхдүүдийн зургаан хувь нь буюу ойролцоогоор 7.9 сая хүүхэд төрөлхийн генийн гажигтай төрдөг ажээ.

Б.Мишээл

 

 

関連ニュース