Улаан дэнлүү нь аз жаргал авч ирдэг хэмээн бэлгэшээдэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-20 09:57:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн дэргэдэх Күнзийн институтаас "Майдарын 15-ны баяр"-ын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Үйл ажиллагааны нээлтэд ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, Күнзийн институтын Монгол талын захирал Б.Энхжаргал, Күнзийн институтын багш нар, ХИС-ийн оюутнууд оролцсон байна.
Уг арга хэмжээг хятад хэл сурч буй хүүхэд залууст тухайн хэлээр ярилцагч ард түмний ёс заншлын талаар мэдлэг олгох, баяртай холбоотой мэдээллийг хятад хэлээр уншиж мэдэх явцдаа хэлээ сайжруулах, сургуулийн багш, ажилтан, нийт суралцагсад болон иргэдэд хөрш орныхоо соёл, уламжлалтай танилцуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Хятадад хотын төв, хөдөө орон нутаг гэлтгүй бүхий л газар улаан дэнлүү болон ирж буй тахиа жилтэй холбоотой гоёл чимэглэл өлгөдөг байна. Энэ нь улс оронд эв нэгдэл, амар тайван байдал, гэр бүлд аз жаргал, баяр хөөр авчирдаг хэмээн бэлгэшээдэгтэй холбоотой. Ийм учраас ирж буй тахиа жилийг угтан "Майдар-15 баяр"-ын үеэр хятад орны түүх соёлоос танилцуулах зорилгоор улаан дэнлүү хийж сурчээ. Оюутан, суралцагчдад  хятадын уламжлалт оньсого таалгаж, улаан дэнлүү хийх аргачлалыг заасан бөгөөд энэхүү уламжлал нь Хятадын ард түмний зан заншил төдийгүй түүх соёл, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг харуулах соёлын арга хэмжээ болтлоо өргөжсөнийг энэ үеэр онцолж байв.

ХИС-ийн дэргэдэх Күнзийн институт байгуулагдсанаас хойш зургаан удаагийн элсэлт авч, HSK буюу хятад хэлний сургалтад 270 орчим хүн хамрагдсанаас 2,3,4-р дэсийн шалгалтаа амжилттай өгсөн 30 орчин суралцагч сертификатаа гардан аваад байна.

А.Бямбасүрэн

 

関連ニュース