Багш дасгалжуулагчиддаа шаардлагатай спортын хэрэглэлүүдийг нь олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-20 16:52:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын зүгээс багш, дасгалжуулагчиддаа 14,5 сая төгрөгийн өртөг бүхий спортын хэрэглэгдэхүүн, материал хүлээлгэн өглөө.

Гар бөмбөг, хөл бөмбөг, болон сагсны бөмбөгүүд, үндэсний бөх, жүдо, чөлөөт бөхийн иж бүрэн өмсгөл, боксын бээлий, гүйлтийн шифи, гүйлтийн тулгуур, аэробикийн хувцас гээд хорь гаруй нэр төрлийн спортын хэрэглэгдэхүүн иржээ.    

Аймгийн БТСГ-т сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, дугуй, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, үндэсний бөх, бокс буюу бүх төрлийн тулааны спорт, жүдо, нийтийн биеийн тамир гээд арван чиглэлээр арван дасгалжуулагч тогтмол үйл ажиллагаа явуулдаг. “Бидний хувьд спортыг хөгжүүлж, хамрах хүрээгээ тэлэхийн тулд спортын хэрэглэгдэхүүнүүд чухал хэрэгтэй. Ялангуяа хөнгөн атлетикийн тулгуур төхөөрөмжийн хувьд манай аймагт өмнө нь огт ирж байгаагүй. Энэ удаад нэн шаардлагатай зүйл ирсэнд маш их баяртай байна. Спортын хэрэглэгдэхүүн нь хүрэлцээтэй байвал дасгалжуулагчдын хувьд секц дугуйлангаа хичээллүүлэхэд ч урамтай байдаг юм...” хэмээн аймгийн БТСГ-ын хөнгөн атлетикийн дасгалжуулагч багш Ө. Энэбиш ярьж байна.

“Аймгийн БТСГ-ын үе үеийн удирдлагууд багш дасгалжуулагчдаа спортын хэрэглэл, бараа материалаар хангах бодлогыг барьж ирсэн. Миний хувьд ч мөн адил тэдний үйл хэргийг залгамжлан ажил хэрэг болгож байна. Манай багш дасгалжуулагчдын хувьд эдгээр хэрэглэлүүд маш чухал байсан. Ер нь газрын даргын хувьд багш дасгалжуулагчдаа ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулна. Харин хариуд нь амжилт гаргахыг л хүсэж байгаа юм. Ямар нэг тэмцээн уралдаанд яваад амжилтгүй оролцоод ирлээ гэхэд удирдлагын зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй байх ёстой. Өөрсдөө сайн дасгалжуулагч болж, тэр хирээрээ сайн чанартай тамирчин бэлтгэн гаргах хэрэгтэй...” хэмээн аймгийн БТСГ-ын дарга Б. Өлзийтогтох хэллээ.

Т. Одончимэг

関連ニュース