Архангай аймгийн есөн малчин, хоёр саальчин Улсын аварга цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-21 14:35:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас энэ жил есөн хүн “Улсын аварга малчин”-ы, хоёр саальчин “Улсын аварга саальчин”-ы болзлыг хангажээ.

Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн малчин Базаргүрийн Бямбасүрэн, Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Сүхбаатарын Баатарсүх, Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Сэнгэдорж, Хашаат сумын Номгон багийн малчин Пунцагийн Пүрэвсүрэн, Чулуут сумын Халуун-Ус багийн малчин Намшрайн Отгонбаяр, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Лхасранжавын Хадбаатар, Цэнхэр сумын Буйлан багийн малчин Самданшаравын Цэнд-Аюуш, Хангай сумын Чандмань багийн Жанцаагийн Базаррагчаа, Хайрхан сумын Хайрхан багийн малчин Рэнчингийн Өсөхбаяр нар “Улсын аварга малчин” болов.

Мөн Хотонт сумын Бургалтай багийн саальчин Шаравын Янжин, Чулуут сумын Хайрхан багийн саальчин Сүмдоржийн Чимэдлхам нар “Улсын аварга саальчин” боллоо.

Улсын аварга малчин, саальчин, тариаланчдад цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий таван ханатай гэрийг өгөх юм. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулж байна.

Харин аймгийн аварга фермер, тариаланчдыг тодруулсан байна. Аймгийн аварга тариаланчаар Төвшрүүлэх сумын Өөдөсийн Энхтайван, Жигжидсүрэнгийн Болдбаатар, аймгийн аварга фермерээр Эрдэнэбулган сумын Ванчингийн Цэен-Ойдов нар тодорчээ.

Мөн 19 сум, 101 багтай тус аймгийн баг бүрээс, зарим багаас 2-3 аймгийн аварга малчин тодроод байгаа юм.

О.Амарзаяа

関連ニュース