Зууван танхимын буйдан дээр "эвгүй позтой" суусныхаа учрыг Д.Трампын зөвлөх тайлбарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-02 14:06:58

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Келлиэнн Конуэй ямар учраас гутлаа тайлалгүйгээр Цагаан ордны Зууван танхимын буйдан дээр бохирон суусныхаа учрыг тайлбарлалаа. Тэрбээр Fox Business-д ярилцлага өгөхдөө "надад хандаж тодорхой орон зайн /ракурсын/ зураг авч өгөөч гэж гуйсан юм" хэмээн тайлбарлажээ.

Түүний хэлснээр энэ үед Зууван танхим сэтгүүлчдээр дүүрэн байсан аж.

“Намайг тодорхой өнцгөөс зураг аваад өгөөч гэсэн, тиймээс л би тэгж суусан хэрэг. Би мэдээж хэрэг хүндэтгэлгүй хандах гээгүй, бас хөлөө диван дээр гаргахыг бодоогүй” хэмээн Конуэй ярьсан байна.

Зууван танхимд Ерөнхийлөгч Дональд Трампыг байх үед Конуэй ийн сууж байх үед нь зургийг нь даржээ. Энэ үед Ерөнхийлөгч Трамп камерын өмнө 19 дүгээр зууны хоёрдугаар хагасаас эхлэн АНУ-ын африк гаралтай хүн амыг сургах зорилгоор байгуулагдсан онцгой ангиллын их дээд сургуулиуд болох “хар арьснуудын“ их дээд сургуулиудын удирдлагуудын хамтаар зогсч байсан байна.

Конуэйгийн эл үйлдэл нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Бусад зургууд дээр ч мөн адил зөвлөх Конуэй Ерөнхийлөгч Трамп болон зочдын зургийг гар утсаараа авч байгаа нь тодорхой харагдаж байгаа аж.

Нийгмийн сүлжээнийхэн үзэхдээ, Конуэйгийн хувьд Зууван танхим, Америкийн ард түмэн болон Ерөнхийлөгчид хүндэтгэлгүй хандсан гэж шүүмжилж байгаа юм.

Конуэй ингэж шүүмжлэлийн бай болсон нь анхны тохиолдол биш аж. Тэрбээр урьд нь Fox News-ийн нэвтрүүлгийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трампын компанийн үйлдвэрлэсэн барааг худалдан авахыг уриалж байжээ. Конгрессийн Ёс зүйн хороо "Конуэйгийн энэ уриалга бол огт байж боломгүй зүйл" гэж дүгнэсэн байна.

О.Барс

 

関連ニュース