АНУ руу нисч буй онгоцонд цахим төхөөрөмж авч орохыг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын эрх баригчид онгоцонд суухдаа цахим төхөөрөмж авч орохыг 10 гаруй орны зорчигчдод хориглож магадгүй байна. Энэ тухай Reuters агентлаг баттай эх сурвалжийн ярьсныг иш татан мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, АНУ руу нисч буй онгоцнуудад цахим төхөөрөмжийг оруулахгүй байх талаар яригдаж байгаа аж. Энэхүү хориг нь овор хэмжээгээрээ гар утаснаас том төхөөрөмжнүүдэд хамаарах юм байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, онгоцонд цахим төхөөрөмж оруулахыг хориглох гэж байгаа нь террорист аюул заналхийлэлтэй холбоотой бөгөөд уг шийдвэрийг мягмар гарагт олон нийтэд зарлах бололтой.
Харин Америкийн агаарын тээврийн компаниудад энэ шинэ журам хамаарахгүй аж. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам энэ хоригийг батлах эсэх талаар тодорхой тайлбар өгсөнгүй.
“Бид аюулгүй байдлын арга хэмжээ авах гэж байгаа талаар тайлбар өгдөггүй, гэхдээ бид та бүхнийг мэдээллээр хангана” гэж тус яамны сайдын туслах Дэвид Лапан хэллээ.
О.Барс