“Босоо заяатай Монгол” хүүхдийн барилдаанд 150 хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-21 15:03:36

Ховд/МОНЦАМЭ/. Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга барилыг бага наснаас нь эхлэн хүүхэд багачуудад таньж мэдүүлэх, сурталчлах, Ховд нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэж ирээдүйн аваргуудыг төрүүлэх зорилгоор долоо дахь жилдээ  “Босоо заяатай Монгол” хүүхдийн барилдаан Ховд аймгийн Спорт ордонд боллоо.

Хүүхдийн бөхийн барилдаан барилдах дур сонирхолтой хүүхдүүдийг хөхүүлэн дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, эрүүл  чийрэг бие бялдартай иргэн болгон төлөвшүүлэхэд  хувь нэмэр оруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын ивээл дор явагддаг.  

Бөхийн барилдаанд оролцох хүсэлтэй хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж, эцэг, эхчүүд хүүхдүүдээ бэлтгэж, үзэгч түмэн сонирхох дуртай болоод байгаа энэхүү хүүхдийн барилдаанд  аймгийн  28 цэцэрлэгийн  4-5 насны 150 гаруй хүүхэд оролцсоноос Дарви сумын цэцэрлэгийн Давхарбаярын Жаргалсайхан түрүүлж, Жаргалант сумын 11-р цэцэрлэгийн Лхавгасүрэнгийн Төгсбилэг үзүүрлэжээ.

Харин Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн Бердханы Нурдаулет, Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн Ганболдын Мөнгөнбаатар нар шөвгөрсөн байна.

"Босоо заяатай Монгол"  бөхийн барилдааны "Дайчин барилдаанч хүүхэд"-ээр Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн Гансүлдийн Төрболд "Уран мэхтэй бөх"-өөр Үенч сумын цэцэрлэгийн Гансүхийн Далай, Жаргалант сумын 5-р цэцэрлэгийн Нямандэлэгийн Баянмөнх, "Өхөөрдөм бөх"-өөр Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн Билэгтийн Отгонбаяр нар тус тус шалгарчээ. Ховд аймгийн Жаргалант сумын  "Оюуны ундраа" нэгдүгээр цэцэрлэг, аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдлаа.

"Босоо заяатай Монгол” бөхийн барилдааны тэмцээнд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч С.Гантөмөр болон аймаг орон нутгийн удирдлагууд, зохион байгуулагчид нь  гардуулж,ирээдүйн бөхчүүдэд баяр хүргэлээ.

А.Бямбасүрэн

関連ニュース