Хууль зөрчихгүй л бол итгэл үзүүлдэг гэдгийг мэдрүүлэх нь орчин үеийн гаалийн онцлог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэтэй уулзаж гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцлаа. Тус гаалийн газар ажлаараа системдээ нэгдүгээрт орсон юм.
-Танай байгууллага ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ? Ер нь Булган боомтод ямар байгууллагууд ажилладаг, хоорондын уялдаа холбоо хэр зэрэг байдаг бэ?
-Ховд аймгийн Булган дахь гаалийн газар 2016 онд 3 тэрбум 759,9 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж, татварын төлөвлөгөөгөө 105,3 хувиар биелүүлсэн амжилттай ажилласан. Ер нь хилээр нэвтэрч буй бараа тээврийн хэрэгслийн хэмжээ 2014, 2015 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь манай аймагт болон энэ бүс нутагт хийгдэж байсан бүтээн байгуулалтууд багассан, эдийн засгийн өсөлт буурсантай холбоотой гэж харж байгаа. Бид байнгын ажиллагаатай Булган боомт, түр ажиллагаатай Байтаг боомт, МоЭнКо ХХК-нийн Хөшөөтийн уурхай дахь гаалийн хяналтын бүс гэсэн 3 терминалд гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулан ажилладаг. Өнгөрсөн онд нийт 6266 гаалийн мэдүүлгээр нийт 10406 нэр төрлийн 58682730,7 ам.долларын бараанд гаалийн хяналт бүрдүүлэлт хийгдсэн.
-Гаалийн байцаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хэр анхаарч байна?
-Гаалийн улсын байцаагч нарын гаалийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр гарч буй хууль, журмуудыг судлах зорилгоор сургалтыг тогтмол явуулсан. Ингэхдээ бид сургалтыг багийн системээр зохион байгуулсан. Энэ нь албан хаагч бүрийн оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгыг агуулж байгаа юм. Мөн жилийн ажлын төлөвлөгөөнд тодорхой бүтээлч ажил хийхээр тусган үр дүнг нь тооцож ажилласан. Энэ хүрээнд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зорчигчдод үйлчлэх заал, цайны газрыг тохижуулсан, караоке, фитнессийн өрөөг шинээр хийж, боомт дахь гаалийн хяналтын талбайд тохижилт хийгдсэн. Мөн хяналтын талбайн хаалга, төрийн далбаа мандуулах тавцан зэргийг шинээр хийж, ажилчдын амьдрах байранд засвар үйлчилгээ хийгдсэн, цогцолборын гэрэлтүүлэг, тавилгыг шинэчлэн сайжруулсан зэргийг дурьдаж болно.
Энэ бүгдэд манай хамт олон идэвх зүтгэлтэй байж, нэг санаа, нэг зорилготой байсны үр дүнд системийн хэмжээнд ажлын дүнгээрээ бүсдээ 1-р байранд орсон амжилт гаргасан. 2015 онд бид 2-р байранд орсон бол 2016 онд амжилтаа ахиулан тэргүүний байгууллага болсон нь бидний бахархал юм.
-Булган боомтод ер нь хэдэн байгууллага, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Булган боомтод манайхаас гадна Хилийн шалган нэвтрүүлэх алба, Хил хорио цээрийн хэлтэс, гадаадын иргэн харьяатын байгууллага, тээврийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудын уялдаа холбоо сайн. Бид өдөр тутмын ажлаа чиг үүргийнхээ хүрээнд харилцан ойлголцож хамтран ажиллаж байгаа. Учир нь бидний зорилго нэг. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх. Булган боомт бол олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой авто замын боомт. Энэ үүднээс цаашид олон улсын жишигт хүрэх, тэр стандартыг хангахын тулд боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах, ажиллах боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зэрэг шаардлагууд тавигдана гэсэн үг.
Хамгийн наад зах нь зорчигч иргэд зуны халуун, өвлийн хүйтэн үед ороод суучих газартай, тохилог бие засах өрөө тасалгаатай, эмнэлгийн анхан шатны тусламж авах боломжтой байхаас эхлээд энд ажиллагсадын нийгмийн асуудал, ёс зүй, хэрхэн биеэ авч яваа байдал, мөн гадаад хэлний ойр зуурын мэдлэгтэй байх гэх мэтчилэн олон зүйлүүд байна. Ер нь бол бид өөрсдийн ёс зүй, харилцааны хэлбэрт анхаарах шаардлагатай байгаа. Уурлаж бухимдсан нэгэнд учрыг тайлбарлаад хэлэх, шаардлагаа зөв тавих, төрийн алба хаагчийн байр сууринаас хандах гэх зэрэг.
-Гаалийн хяналт шалгалтын зохион байгуулалт, хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ ?
-Мэдээж олон жилийн өмнөх гаалийн байгууллагыг өнөөдрийн энэ цаг үетэй харьцуулахад маш их өөрчлөлт, шинэчлэлт орсон. Дэлхийн эдийн засаг ч маш ихээр өөрчлөгдсөн шүү дээ. Энэ өөрчлөлтийг дагаад гааль урьдынх шигээ зөвхөн хяналт шалгалтаар үйл ажиллагаа хязгаарлах боломжгүй болсон. Дэлхийн хөгжсөн улс орнуудын гаалийн хөгжил ч ийм байхыг шаардаж байна. Гааль нь эдийн засгийн аюулгүй байдал, гадаад худалдаанд дүн шинжилгээ хийдэг байгууллага болсон. Гаалийн байгууллага чемодан бүрийг ухдаг байсан үе ард хоцорч эрсдэлийн менежментийг нэвтрүүлсэнээр оновчтой хяналт шалгалт хийж, зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй болсон. Оновчтой шалгалт гэдэг нь гаалийн хяналт шалгалт суларч байгаа биш илүү судалгаа шинжилгээ талруугаа үйл ажиллагаагаа хандуулна гэсэн үг юм. Манай гаалийн мэдээллийн сүлжээ болох CAIS программд гаалийн бүрдүүлэлтийг үндсэн 3 төлөвт санамсаргүй түүврийн аргаар ногоон -green, улбар шар-orange, улаан-red өнгөөр ялгаж өгдөг болсон.
-Гаалийн бүрдүүлэлтийг ингэж гурван өнгөөр ялгаварладаг нь ямар учиртай юм бэ?
-Энэ юу гэсэн үг вэ гэвэл тухайн байгууллага, компани гадаад худалдаанд хэрхэн оролцдог, хэрхэн оролцож байсан хэр зэрэг эрсдэлтэй гэх мэт түүхийг нэгтгэн цуглуулж, дүн шинжилгээ хийдэг судалгааны бааз, нарийн сүлжээтэй болж байгаагын илрэл юм. Нэг үгээр хэлбэл итгэ дараа нь шалга гэсэнтэй утга нэг юм. Өөрөөр хэлбэл таны бүрдүүлэлт ногоон төлөвт сонгогдоно гэдэг нь та нэг ч удаа хууль зөрчсөн үйлдэл хийж байгаагүй, бичиг баримт бүх зүйл нь бүрэн байгаад итгэл үзүүлж таныг шалгаад байх шаардлагагүй тул гаалийн хяналт шалгалтаас бүрэн чөлөөлж байгаа юм. Улбар шар төлөв нь зөвхөн таны бичиг баримтад шалгалтыг хийсэнээр дуусгавар болно. Харин улаан төлөв гэдэг бол гаалийн хяналт шалгалтад бүрэн хамрагдана гэсэн үг. Хэрэв хууль зөрчихгүй л бол гааль бидэнд итгэл үзүүлдэг юм байна гэдгийг мэдрүүлэх нь орчин үеийн гаалийн онцлог юм. Дээр хэлсэн итгэ дараа нь шалга гэдэг үгэнд нэг тайлбар нэмж хэлэхэд гаалийн байгууллага итгэл үзүүлдэг болсон харин эргээд итгэл үзүүлсэн тухайн байгууллага болон аж ахуй нэгжийн санхүүгийн бичиг баримтыг шалгадаг post clearance audit буюу бүрдүүлэлтийн дараах шалгалт бидний мэдэх санхүүгийн аудит гэдэг том системээ маш сайн дэмжин хөгжүүлж байгаа юм. Гаалийн хяналт шалгалтыг эрсдэлийн удирлагад суурилан оновчтой зохион байгуулж байгаа явдал нь гадаад худалдаа хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болж байгаа гэсэн үг юм.
-БНХАУ-ын Такшейкен боомтод зорчигч иргэдээс татвар хураамж өндөр авдаг тухай гомдол их байдаг. Одоо энэ байдал ямар байгаа вэ?
-Такшейкен боомтод зорчигчдын бараа, тээврийн хэрэгслээс авах татвар, хураамж өндөр байгаа талаар иргэд байнга гомдол санал гаргадаг. Олон жил яригдаж байгаа асуудал. Үе үеийн аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулж ажилласанаар тодорхой ахиц гарч байна. БНХАУ-ын ШУӨЗО нь өөрөө Хятаддаа онцгой бүсэд тооцогддог. 2016 оны 11 сараас Такшейкен боомтын тодорхой хэсгийг “Чөлөөт бүс” болгосонтой холбоотой Монголоос орох болон Монгол руу гарах чиглэл тус бүрд 8000 юаны барааг татваргүй нэвтрүүлэх шийдвэр гараад хэрэгжээд явж байна. “Чөлөөт бүс” рүү нэвтэрч буй тээврийн хэрэгсэл ямар нэг хураамж төлөхгүй бөгөөд “Чөлөөт бүс”-ээс гадна бол хураамжаа төлөх байдлаар зорчиж байгаа. Зөвхөн зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл нэг удаа орохдоо 220-280 орчим юань төлж байгаа гэсэн мэдээлэл хамгийн сүүлд авсан. Аймаг, сумын удирдлагууд, энд ажиллаж буй бусад төрийн байгууллагын удирдлагууд бүгд энэ тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Зөвхөн энэ ч биш Монгол Улсын иргэдийн эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн үед туслалцаа үзүүлэх нь бидний үүрэг гэж ойлгодог.
А.Бямбасүрэн