Пакистан-Афганистаны хилийн дагуу хана босгож эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-27 12:43:30

ИСЛАМАБАД. /VOA/. Пакистан улс Афганистантай залгаа хилийнхээ дагуу хана босгож эхэлснээр хил дамнан үйлдэж буй халдлагад өртөмтгий бүс нутгуудаа хамгаалахыг зорьж байна.

Энэ тухай тус улсын армийн генерал Камар Жавед Бажва бямба гарагт Мохманд зэрэг омгууд амьдардаг бүс нутгуудад айлчлахдаа хэлсэн байна. Афганистаны хил орчмын энэ бүс нутагт “террористууд” хилийн нөгөө талаас халдаж Пакистаны таван цэргийн аминд хүрчээ.

Генерал Бажва хэлэхдээ, Мохманд болон хөрш зэргэлдээ орших Бажаур дүүргүүдийг “онц аюултай бүс” гэж нэрлэсэн бөгөөд тэдгээрийг тойруулан хана босгох нь цэргийн хувьд ач холбогдолтойг онцоллоо.

Пакистан ба Афганистан нь 2600 км орчим урт газраар хиллэдэг. Тус хоёр улс "террористуудыг нэвтрүүлсэн" гэж бие биенийгээ буруутгасаар байна. Үүний улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр талын харилцаа эрс мууджээ.

Нэг сарын өмнө Исламабад “Пакистанд гарч буй террорист халдлагуудыг Афганистаны хил орчмын бүс нутагт нуугдсан оргодол цэргүүд үйлдэж байна” гэж мэдэгдээд, далайд гарцгүй Афганистантай залгаа хилийнхээ дагуух гарцуудыг хаасан байна.

Пакистаны эрх баригчид өнгөрсөн долоо хоногт зөвшөөрөлтэй зорчигчид болон Афганистанд бөөгнөрөөд байгаа олон мянган чингэлгийг нэвтрүүлэхийн тулд хилийн гарцуудаа нээжээ.

Б.Мишээл

 

関連ニュース