Черногор улсыг НАТО-д элсүүлэхийг АНУ-ын Сенат дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-29 10:48:27

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Сенатын танхим мягмар гарагийн хуралдаанаараа Черногор улсыг НАТО-д элсүүлэх протоколыг соёрхон батлалаа. Протоколыг Сенатын 97 гишүүн дэмжиж, хоёр гишүүн татгалзжээ.

“Сенатын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн санал өгсөн. Черногор улсыг протоколыг батлах тухай тогтоол дэмжин баталлаа” гэж санал хуралдааныг даргалсан Сенатын гишүүн Рож Жонсон хэллээ.

2009 оны 12 дугаар сард болсон НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Черногор улс тус эвслийн гишүүн орон элсэхийн тулд үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авсан юм. 2010 онд хэлэлцээ эхэлж 2016 оны 5 дугаар сард тус байгууллагад элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурснаар Черногор улс ажиглагчийн статустай болжээ. Энэ протоколыг эвслийн гишүүн бүх орон баталсан тохиолдолд Черногор улс НАТО-гийн 29 дэхь гишүүн болох юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд протоколыг тус байгууллагын гишүүн 28 орноос 24 нь дэмжин батлаад байсан бол АНУ-ын Сенат удаан хугацааны турш энэ асуудлыг хэлэлцэхгүй байсан юм.

Энэ сард уг асуудлыг хэлэлцэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Сенатын гишүүдэд уриалсан билээ. “Черногорыг НАТО-гийн гишүүн болгох нь АНУ-ын ашиг сонирхолд бүрэн нийцнэ” гэж тэрбээр Сенат дахь фракцуудын удирдагчдад илгээсэн захидалдаа онцолжээ.

Сенат бараг зуун хувь дэмжсэн боловч Бүгд Найрамдах намаас сонгогдсон Рэнд Пол, Майкл Ли нар эсэргүүцсэн байна. Сенатын зэвсэгт хүчний хэрэг эрхлэх хорооны тэргүүн Жон Маккейны санал болгосноор протоколыг батлах санал хураалт явуулахад Р.Пол оролцоогүй аж. Ж.Маккейн түүнийг "В.Путиний тусын тулд ажиллаж байна" гэж буруутгажээ.

“Хэрвээ Украин болон Гүрж НАТО-гийн гишүүн байсан бол өнөөдөр бид Оросын эсрэг дэлхийн дайнд татагдан орох байсан” гэж Р.Пол даваа гарагт болсон Сенатын хуралдааны үеэр үг хэлэхдээ онцлон тэмдэглэжээ. “Нэг зүйл бол тов тодорхой байна. Орос улс энэ нутгийн талаар биднээс илүү санаа зовох болно.  Бидний энэ шийдвэр нь ихэнх америкчуудын хувьд газрын зураг дээр олж чаддаггүй тэр харийн улсын хил дээр болох мөргөлдөөнд оролцуулахаар хөвгүүд, охидуудаа бид илгээнэ гэсэн үг юм” гэж тэрбээр дүгнэн хэлжээ. 

О.Барс

 

 

関連ニュース