Венесуэльд хямрал хурцадсантай холбоотойгоор Чили улс элчин сайдаа дуудан ирүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-31 09:18:24

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Венесуэльд улс төрийн хямрал хурцадсантай холбоотойгоор Чилийн Засгийн газар Каракаст суугаа элчин сайдаа эргүүлэн дууджээ. Энэ тухай пүрэв гарагт Чилийн Гадаад хэргийн сайд Эральдо Муньос мэдэгдэв.

“Венесуэлийн нөхцөл байдал хурцдаж байгаа талаар мэдээлэл авахын тулд бид элчин сайдаа нэн даруй дуудан ирүүлэх шийдвэр гаргасан” гэж тэрбээр хэллээ.

Саяхан Венесуэлийн Дээд шүүх парламентын оролцоогүйгээр үйл ажиллагаа  явуулж, шийдвэр гаргах боломжийг тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурод олгосноос гадна "шүүх засаглалд хүндэтгэлгүй хандаж байгаа явдал төгсгөл болох" хүртэл хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхийг өөртөө авч байгаа тухайгаа зарлан мэдэгдсэн юм.

2015 оны 12 дугаар сард Амасонас мужааас сонгогдсон депутатын бүрэн эрхийг хүчингүй болгох тухай Дээд шүүхийн шийдвэрийг Венесуэлийн парламент болох Үндэсний Ассамблей биелүүлээгүйгээс уг зөрчилдөөн үүсчээ.

Тухайн үед санал хураалтын явцад гарсан зөрчлүүдтэй холбоотойгоор Дээд шүүх дээрх шийдвэрийг гаргасан байна.

О.Барс

 

関連ニュース