Санкт-Петербург хотын метронд бөмбөг дэлбэрч, наад зах нь 10 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-03 23:23:44

САНКТ-ПЕТЕРБУРГ. /BBC/. Орон нутгийн цагаар 14:30 цагт ОХУ-ын Санкт-Петербург хотын метроны хоёр өртөөнд бөмбөг дэлбэрч, наад зах нь 10 хүн амиа алджээ.

Оросын Терроризмтай тэмцэх үндэсний зөвлөлийн мэдээлснээр, халдлагыг "Сенная Плошадь" болон "Технологический Институт" гэдэг өртөөнүүдэд үйлдсэн байна. Мөн дараа нь "Плошадь Востанния" гэдэг өртөөнөөс дахин тэсрэх бөмбөг илрүүлсэн бөгөөд аюулгүй болгож амжсан байна.

Санкт-Петербург хотын засаг даргын төлөөлөгчийн мэдээлснээр халдлагын улмаас наад зах нь 10 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан аж.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев уг дэлбэрэлт нь террорист халдлага мөн гэж өөрийн Facebook хуудсандаа бичжээ.

Санкт-Петербург хотын метроны сүлжээг бүхэлд нь хаасан бөгөөд  аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байна. 

Дашрамд дурдахад, уг метрогоор өдөр бүр 2 сая хүн зорчдог ажээ.

Х.Сарнай

 

関連ニュース