Япон улс Өмнөд Солонгос руу Элчин сайдаа буцааж илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-04 10:02:42

ТОКИО. /Nikkei/. Дипломат маргааны улмаас гурван сарын өмнө эргүүлэн татсан Элчин сайдаа Япон улс Өмнөд Солонгос руу буцаан илгээхээр шийдвэрлэжээ.

Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Бусан хот дахь Ерөнхий консул Ясүхиро Моримото нар өнөөдөр Өмнөд Солонгост буцаж очих аж.

Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-д зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий консулын газрын өмнө байрлуулсныг эсэргүүцэн Япон улс энэ оны нэгдүгээр сарын эхээр Элчин сайд болон Ерөнхий консулаа эргүүлэн татсан юм.

Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида даваа гарагт хэлэхдээ “тавдугаар сарын эхээр ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа Өмнөд Солонгос шинэ засгийн газар байгуулах учир дипломатууд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Япон улс Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Сөүлтэй илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй байна” гэв.

Гэхдээ Японы ГХЯ-ны нөлөө бүхий албаны хүмүүсийн хэлснээр, Консулын газрын өмнө байрлуулсан хөшөөг Өмнөд Солонгосын тал холдуулах төлөвгүй байгаа бөгөөд Элчин сайд буцаж очсоноор хөшөөтэй холбоотой маргааныг нэг тийш болгож чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Г.Доржханд

 

関連ニュース