Загасны 1000 түрснээс 1-2 нь л жараахай болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/.Амьтны тухай хуулиар Монгол Улс даяар 4 сарын 1-нээс 6 сарын 15 хүртэл хугацаанд загас барихыг хуулиар хориглодог. Энэ улирал эхэлсэнтэй холбогдуулан “Монгол хадран” Ховд аймгийн спорт, загасчлалын групп ”Хуулиа хэрэгжүүлж, хадрангаа хамгаалцгаая" уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт "Монгол хадран" клубын төлөөлөл 2, аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын байцаагч А.Ганцоож, БОАЖГ-ын мэргэжилтэн А.Нансалмаа, Цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч Н.Нармандах, ДБХС-ийн баруун бүсийн захирал Д.Байгальмаа нар болон спорт загасчлалын төлөөлөл 10 гаруй хамрагдлаа.
Нэг монгол хадран загас ойролцоогоор 12,0-18,0 мянган түрс шахах ба үүнийгээ голын том том үхэр чулууны ёроолд үүсэх усны эргүүлэг, боргионд ирж шахдаг байна. Гэтэл 1000 түрс тутмын дөнгөж 1-2 нь л жараахай болдог ажээ. Загасны түрсээ шахаж үр төлөө үлдээх чухал үед “Ухаант хүн та загас барихгүй, зарахгүй, идэхгүй байж тэвчвэл таны дараа нь идэх загас 20-иор нэмэгдэх боломжтой” гэдгийг "Монгол хадран" клубынхан онцолжээ.
“Монгол хадран” Ховд аймгийн спорт загачлалын групп энэ удаагийн хэлэлцүүлгээр олон нийтэд байгаль ан амьтнаа хамгаалах, хуулиа дээдлэх талаар иргэдийн боловсролд зориулж “Монгол хадранг зурган дээр биш байгаль дээр үлдээе”,”Та нэг загасыг хамгаалснаар үр хойчдоо арван загас үлдээх болно”,”Хуулиа дээдэлж, хадрангаа хамгаалцгаая”,”Загасчлах нь хядахын нэр биш” зэрэг уриа бүхий лого, шторкуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан нөлөөллийн ажил, аян өрнүүлж байна.
А.Бямбасүрэн