Пак Гын Хэг хорьсноос хойш анх удаа байцааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-04 15:59:12

СӨҮЛ. /NHK/. Өмнөд Солонгосын огцорсон Ерөнхийлөгч Пак Гын Хэг өнгөрсөн долоо хоногт баривчлан хорьсноос хойш прокурорууд анх удаагаа байцааж байна.

Пак Гын Хэ Сөүл хотын захад орших цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Байцаалт авах үеэртүүний өмгөөлөгчийг байлцуулж байгаа аж.

Сэжигтнүүдийг ихэнх тохиолдолд Прокурорын газарт авчран байцаадаг боловч Пакийн сэтгэл санааны байдал, аюулгүй байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр прокурорууд түүнийг цагдан хорих төвд байцаахаар шийдвэрлэжээ.

Түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хорьсон билээ. Прокурорууд түүнийг эрүүгийн хуулийн 13 зүйл ангиар, тухайлбал дотны найз Чой Сүн Силтэй үгсэн хуйвалдаж “Samsung” группээс 39 сая долларын авлига авсан, авахыг зөвшөөрсөн гэж буруутгаж байгаа юм.

Тэрбээр “би ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж мэдэгдсээр байна. Прокурорууд энэ удаагийн байцаалтаар түүнээс шинэ мэдээлэл олж авч чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Түүнийг энэ сарын 19 хүртэл хорьж магадгүй. Учир нь тавдугаар сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд энэ хэрэг нөлөөлөхөөс сэргийлэх үүднээс дөрөвдүгээр сарын 17-нөөс өмнө түүнд яллах дүгнэлт үйлдэх бололтой. Тус улсад ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дөрөвдүгээр сарын 17-нд албан ёсоор эхэлнэ.

Пак Гын Хэ бол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд баривчлагдан байцаагдаж байгаа Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч асан юм.  

Тус улсын Ерөнхийлөгч асан Чон Ду Хуан болон Ро Тэ Ү нарыг 1995 онд баривчлан байцааж, хэсэг хугацаанд хорьж байгаад, дараа нь тэдэнд өршөөл үзүүлж байжээ.

Г.Доржханд

 

関連ニュース