Д.Медведев эсэргүүцлийн жагсаалаас хойш анх удаагаа ам нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-05 10:03:22

МОСКВА./ВВС/. Их хэмжээний эд хөрөнгийг нууцаар хуримтлуулсан, улсын өмч хөрөнгийг өөрийн мэдэлд авсан гэх мэдээллийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев үгүйсгэн няцаалаа.

Дмитрий Медведев авлига авсан гэсэн агуулга бүхий дүрс бичлэгийг Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хийж, уг бичлэгээ YouTube-д тавьснаар олон сая хүн үзсэн юм.

Д.Медведевийн өмчийн жагсаалтад Итали дахь усан үзмийн талбай, уулын энгэрийн орд харш болон тансаг зэрэглэлийн хоёр усан онгоц зэрэг багтаж байна гэж А.Навальный мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Д.Медведев хэлэхдээ “тэд миний болон миний ойр тойрныхны талаар ямар ч утга учиргүй зүйл ярьж байна. Би тэдний  яриад байгаа зүйлийн талаар огт мэдэхгүй, сонсож ч байгаагүй” гэжээ.

Өөртэй нь холбоотой мэдээллийг А.Навальный гуравдугаар сарын 2-нд гаргаснаас хойш Д.Медведев анх удаагаа мэдэгдэл хийсэн нь энэ юм.

Оффшор данс болон буяны сангуудыг ашигладаг бизнесийн сүлжээнээс Ерөнхий сайд ашиг олж, хувь хүртэж байна гэж А.Навальный мэдэгдсэн байна.

Үүний дараа гуравдугаар сарын 26-нд Оросын олон хот, тэдгээрийн дотор нийслэл Москва хотод олон мянган иргэн засгийн газрын эсрэг жагсаал хийсэн юм. Эсэргүүцлийн жагсаалын үеэр А.Навальныйг дэмжигч залуучууд голдуу хэдэн зуун хүнийг баривчилсан.

Маргааш нь шүүх А.Навалныйд цагдаагийн офицерын тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр 15 хоног хорих шийтгэл ногдуулсан юм.

Д.Медведев хэлэхдээ “өдөөн хатгасан дүрс бичлэгийг улс төрийн зорилгоор хувийн ивээн тэтгэгчдээсээ багагүй мөнгө авч хийсэн нь ойлгомжтой” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “тэд залуучуудыг нийгмийн сүлжээгээр өдөөн турхирч, турхиралтад автсан залуус уриа лоозонтой гарч ирсэн. Харамсалтай нь энэ нь хууль зөрчсөн хэрэг” гэжээ.

Москвагаас өмнө зүгт орших Тамбов хот дахь гахайн махны үйлдвэртэй өчигдөр танилцах үеэрээ Д.Медведев дээрх мэдэгдлийг хийсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүнийг тойрон хүрээлэгчдийг эрс шүүмжилдэг А.Навальный ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж.

Г.Доржханд

 

 

 

関連ニュース