Тиллерсон: Башар Асадыг түлхэн унагах эвсэл байгуулах арга хэмжээ авч байгаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Сирийн Идлиб мужид химийн зэвсгийн дайралт хийсний эсрэг АНУ хариу арга хэмжээ авах гэж байгаа ба одоогийн байдлаар Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхээс зайлуулах олон улсын эвслийг байгуулах “арга хэмжээ авч” байгаа ажээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Палм-Бич хотын нисэх онгоцны буудал дээр сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Аюулгүйн зөвлөлийн өмнөх бүх тогтоолууд, олон улсын хэм хэмжээ, аюулгүйн зөвлөлийн гишүүд, Оросын Засгийн газар, Сирийн дэглэмийн хоорондын тохиролцоог зөрчиж буй энэ химийн зэвсгийн дайралтад бид зохих хариу арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. Энэ бол ноцтой асуудал, тийм болохоор зохих хариу өгөхийг шаардаж байгаа” хэмээн Р.Тиллерсон хэлжээ.
Энэхүү химийн зэвсгийн дайралтын цаана Сирийн Засгийн газар байгаа гэдэгт АНУ-д огтхон ч эргэлзээ байхгүй гэдгийг тэрбээр давтан хэлэв. “Бидэнд байгаа мэдээллээр энэхүү химийн зэвсгийн дайралтын төлөөх хариуцлагыг Башар Асад тэргүүтэй Сирийн дэглэм хүлээх ёстой гэдэгт өчүүхэн ч эргэлзээ байхгүй. Ийм хэрэг үйлдсэн Башар Асад Сирийн ард түмнийг удирдах эрхгүй” гэж Төрийн нарийн бичгийн дарга нэмэн хэлжээ.
Башар Асадыг түлхэн унагах зорилгоор олон улсын эвсэл байгуулах боломжийн талаар Дональд Трамп, төрийн нарийн бичгийн дарга хоёр авч хэлэлцэж байгаа эсэхийг сэтгүүлчид лавлахад Тиллерсон “ийм арга хэмжээг авч байгаа” гэж хариулжээ.
О.Барс