Иргэдийн худалдан авалт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдийн байдлаар Ховд аймгийн баруун бүсийн төв захын иргэдийн хүнсний гол хэрэглээ мах, хүнсний ногоо, сүү цагаан идээний борлуулалт, үнэ ханш ямар байгаа талаар худалдаалагчдаас тодрууллаа.
Энд хонь, үхрийн мах 1 кг нь 6000-7000 төгрөг, ямааны мах 1кг нь 5000-5500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин тэмээ, адууны махыг одоогоор худалдахгүй байгаа хэмээн махны худалдаачид ярьсан юм. Махны үнэ өмнөх саруудыг бодвол 1000 төгрөгөөр нэмэгдсэн байв.
Үүнээс гадна сүү 1 литр нь 1800 төгрөг, ааруул 1 кг нь 13000 төгрөг, тарианы \болсон\ гурил 1кг нь 5000 төгрөг, өөхөн тос 1 кг нь 1500 төгрөг, шар тос 1 кг нь 8000 төгрөг, төмс, манжин, лууван 1 кг нь 400-500 төгрөгний үнэтэй байна. Харин монгол байцааны нөөц дуусч хятад, орос бөөрөнхий байцаа нэг кг нь 800-1000 төгрөгрийн ханштай байв.
Тус захын мах, сүү цагаан идээний худалдагч нар “Харзны эх” ХХК-ийн мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээний лабораторид дээж өгч, өдөр бүр шинжилгээ хийлгэж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн мах, сүү цагаан идээ борлуулдаг гэдгээ хэллээ.
Харин " Худалдаалж буй бүтээгдэхүүний үнэ ханш өмнөх сарынхтай адил байгаа. Ямар нэгэн байдлаар үнийг нэмээгүй. Гэхдээ иргэдийн худалдан авалт өдрөөс өдөрт буурч, орлого муудаж байна” хэмээн ярьсан юм.
А.Бямбасүрэн