"Твиттер" АНУ-ын Засгийн газрын эсрэг зарга мэдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-07 17:06:12

САН-ФРАНЦИСКО. /Reuters/. Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогуудыг шүүмжилсэн твиттер хаягийн эзэн хэн болохыг, уг хаягийн ард хэдэн хүн байгааг олж тогтоохыг АНУ-ын Засгийн газар “Твиттер” компанид үүрэг болгожээ. Үүнтэй холбогдуулан тус компани АНУ-ын Засгийн газрын эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн байна.

Твиттер хаягийн эзэн хэн болохыг, хаягийн ард хэдэн хүн байгааг олж тогтоо гэсэн тушаал нь Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн хэрэг гэж тус компани үзэж байна.

Калифорни муж улсын Сан-Франциско хотын холбооны шүүхэд “Твиттер” компани АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны эсрэг пүрэв гарагт зарга мэдүүлжээ.

Д.Трампын бодлогуудыг шүүмжлээд байгаа хаягийн ард буй хүн/хүмүүсийн талаарх хувийн мэдээллийг өгөхийг тус яам “Твиттер” компанид өнгөрсөн сард үүрэг болгосон аж.

Компанийн мэдэгдэлд “нэрээ нууцалсан хэрэглэгч Засгийн газрыг шүүмжилсэн жиргээ бичсэн. Гэхдээ түүний шүүмжлэл нь Засгийн газарт ямар нэгэн хор хохирол учруулаагүй” гэжээ.

Д.Трамп энэ оны эхээр ажлаа авснаас хойш нэрээ нууцалсан хэрэглэгчид нийгмийн сүлжээгээр АНУ-ын засгийн газрыг шүүмжлэх нь эрс нэмэгдсэн байна. Шүүмжлэгчдийн зарим нь одоогийн болон өмнөх засгийн газрын ажилтнууд байж магадгүй гэж албаны хүмүүс таамаглаж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп твиттерийн идэвхтэй хэрэглэгч билээ. Тэрбээр өөрийн санаа бодлоо твиттерээр байнга илэрхийлдэг юм.

Г.Доржханд

関連ニュース