Стокгольм хотод автомашинтай этгээд явган хүний зам руу дайран орсны улмаас 4 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-08 07:37:24

СТОКГОЛЬМ. /NHK/.  Шведийн нийслэл Стокгольм хотод нэгэн этгээд ачааны автомашинаар явган хүний замаар явсан хүмүүс рүү дайран орсны улмаас наад зах нь 4 хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртжээ.

Уг халдлагыг  террорист үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм.

Баасан гарагийн үдээс хойш олон хүн цугласан худалдаа үйлчилгээний дүүрэг рүү ачааны автомашин дайран орж нэгэн их дэлгүүрийг мөргөн зогсжээ.

Хэрэг болсон газраас зугтсан жолоочыг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа бөгөөд хяналтын камераас авсан эрэгтэй хүний зургуудыг олон нийтэд ил болгосон байна.

Баасан гарагийн орой уг хэрэг явдалтай холбоотой байж болзошгүй нэгэн этгээдийг цагдаагийнхан баривчилсан гэж  мэдэгдсэн боловч  зураг дээр байсан хүн мөн эсэхийг тодорхой мэдээлээгүй байна.

Шведийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр уг ачааны автомашин орон нутгийн нэгэн шар айраг исгэх үйлдвэрт харъяалагддаг бөгөөд жолооч нь шар айргаа хүргэхээр гарах хооронд нь хулгайлсан байжээ.

Х.Сарнай 

 

関連ニュース