“Чандмань хар үзүүр”ийн хадны сүг зураг түүх соёлын үнэт өвийн нэг хэсэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-10 10:14:31

Ховд./МОНЦАМЭ/.Ховд аймгийн Буянт сумын нутаг Ховд хотоос зүүн тийш 13 км-т ”Чандмань Хар үзүүр” хэмээн нэрлэгдэх толгойн хаднаа дүрслэгдсэн сүг зураг бий. 1966 онд А.П.Окладниковоор удирдуулсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан  чулуун зэвсгийн судалгааны анги үүнийг илрүүлэн олжээ.

Чандмань Хар үзүүрийн баруун талыг эзлэн тогтсон том толигор хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж цоолборлосны гадна түүний ар ба зүүн хажуугийн хаднаа цөөн зургийг цоолборложээ.

Эдгээр зурагт гол төлөв сүрэг амьтдыг тэгш толигор хаднаа дүрслэхдээ амьтны тэгийг хонхойлон цохиж гаргах, амьтны дүрийг бүх талбайгаар нь хонхойлон цохиж урлах, амьтны ерөнхий тэгийг гаргаад улмаар цээжин хэсгийг бүх талбайгаар нь хонхойлж их биений хэсэг хадыг  хөндөлгүй  орхих  гурван   барилыг  хэрэглэсэн   байна. Сэдвийн хувьд ан амьтан бөгөөд адуу, үхэр, буга, аргаль, янгир голлож, харин чоно, үнэг, могой зэрэг амьтдыг цөөвтөр дүрсэлжээ.

Амьтдыг тайван тогтуун байдалтай ихэд сүрлэгээр дүрсэлсний зэрэгцээ тэдгээр амьтдын эр эм хүйсийг тод томруун гаргахдаа басхүү сонирхолтой аргыг хэрэглэсэн байна. Жишээ нь: буга, үхэр, адууны эр хүйсийг аралдаа дор дугуй хонхор гарган танигдахаар дүрсэлж харин гүү зэрэг эх амьтны хүйс эрхтнийг бус харин унага төлтэй нь хамт дүрсэлсэн ажиглагдана. 

Чандмань Хар үзүүрийн хадны зургийн сэдэв, сийлбэр дүрслэлийн арга барилаар төдийгүй зургийг хонхойлж сийлсэн хад он удаанаар нар салхинд идэгдэж улмаар байгалийн хаднаас бараг ялгагдахгүй болсноос үзэхэд ч энд амьтдын зургийг сийлснээс хойш хэдэн мянган жил өнгөрснийг илтгэн харуулж байна.

Судлаачид Чандмань Хар үзүүрийн хадны сийлмэл зургийн дотроос үхэр, адуу, хандгай зэрэг амьтны зургийг палеолитын буюу хуучин чулуун зэвсгийн үед холбогдуулан үздэг. Чандмань уул хаанаас нь харсан ч дүрс нь алдагдахгүй өвөрмөц сонин  тогтоцтой, улаан өнгөтэй  уул.

А.Бямбасүрэн

関連ニュース