Архангай аймагт он гарсаар 112 удаа газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-11 10:34:22

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 он гарсаар эхний 3 сарын байдлаар 112 удаагийн газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт нь 3.5-аас дээш балл байвал хүчтэй, 3.5 дотор байвал энгийн газар хөдлөлт гэж үздэг байна. 112 удаагийн газар хөдлөлтийн ихэнх нь энгийн газар хөдлөлт байжээ.

Он гарсаар хамгийн хүчтэй газар хөдлөлт нэг болсон нь Эрдэнэмандал сумаас зүүн тийш 12 км-ийн зайд 3,6 магнитудын газар хөдлөлт 2-р сарын 21-ний өдөр болсон байна.

Аймгийн “Цэцэрлэг” чичирхийллийн станцийн газар хөдлөлтийг хэмждэг багажинд өдөр бүр л чичирхийлэл мэдрэгдэж бичигддэг ч энэ нь бага учраас тэр бүр хүмүүст мэдэгддэггүйг албаны хүн хэлж байна. Өнгөрсөн онд Архангай аймагт нийт 973 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.   

Монголын газар хөдлөлийн ерөнхий мужлалын зургаас /1983 он/ харахад Архангай аймаг газар хөдлөлийн байдлаараа 8-9 баллын бүсд оршдог байна.

Б.Гэрэлт-Од 

関連ニュース