Ховдод цээжний хөндийн хагалгаа амжилттай хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-11 09:26:02
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич Н.Баасанжав,  АШУҮИС-ийн мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн тэнхмийн эрхлэгч, Монголын Мэдээгүйжүүлэг Нийгэмлэгийн тэргүүн, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн, АУ-ын доктор, профессор Л.Ганболд нар  5-р сарын 7-10 хооронд 3 өдөр Ховд аймгийн  БОЭТ-ийн мэс заслын тасагт ажиллалаа.
Ардын эмч, доктор, профессорууд тус аймагт ажиллах хугацаандаа хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нартай хамтран  дөрвөн хүнд  цээжний хөндийн мэс заслыг амжилттай  хийжээ. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа талаар эмч нар мэдээлж байна.
Төвөөсөө алслагдсан бүс нутгийн иргэдийн хувьд тэр бүр нийслэл хотыг зорьж эмчилгээ оношлогоо, хагалгаа хийлгэнэ гэдэг амаргүй. Тэгээд ч тэр бүр хот руу эмчилгээнд яваад байх зардал, мөнгө санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээл хязгаар нутгийнханд төдийлэн шийдэгдэхгүй өдий хүрч байгаа билээ.
Хязгаар нутгийн ард иргэдэд  орон нутагт нь ирж ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн хажуугаар, хөдөө орон нутагт ажиллаж буй эмч нарт эрдэмтэн,докторууд ажлын байрны сургалт явуулж байгаа нь үр дүнгээ өгсөн чухал ажил төдийгүй,ховор боломж юм. 
 
А.Бямбасүрэн
関連ニュース