Морин спорт, залуу уяачдын холбоо сумдад салбараа байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-15 20:43:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Морин спорт, залуу уяачдын холбооны Баянхонгор аймаг дахь салбар анхны хурлаа хийж, дэд тэргүүн, тэргүүлэгчдээ сонголоо.

Холбооны Баянхонгор дахь тэргүүнээр аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр сонгогдон ажиллаж буй. Тэрээр хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү холбооны туйлын зорилго бол морины эзэн бус морийг уяж буй уяач, унаж буй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн болоод эрхэлж буй ажлын нөхцлийг сайжруулахад чиглэгдэнэ. Монгол хүн морио дээдэлдэг. Морио дээдэлдэг шигээ бид унаач хүүхэд, уяач нарын хөдөлмөрийг ч үнэлж, тэдэнд мөн анхаарал тавих ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Тус холбооны дэд тэргүүнээр М.Эрхэмбаяр олонхийн саналаар сонгогдлоо. Тэрээр аливаа ашиг сонирхлоос ангид уяач, унаачдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Морин спорт, залуу уяачдын холбоо Баянхонгор аймгийн 20 суманд салбараа нээж ажиллуулах аж. Салбар холбоодын дарга нар нь аймгийн холбооны тэргүүлэгчээр шууд томилогдох ажиллахаар дүрэмдээ тусгажээ. Монголын морин спорт, уяачдын холбоотой нягт уялдаа холбоотой ажиллах эл холбоо морь дагасан соёл, монгол хүний салшгүй хэсэг болсон морин спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг хуралд оролцсон уяачид хэлж байв.

Морин спорт, залуу уяачдын холбоо энэ сарын сүүлээр болох Баянхонгор хайрханы тахилгын уралдааныг хариуцаж зохион байгуулахаар болжээ. Мөн ирэх сарын хоёронд болох дааганы улсын уралдааныг зохион байгуулах гэнэ. Тус уралдааны түрүүг жийп автомашинаар байлахаар болжээ. 

                                                                                                                             Б.Мөнхзул

関連ニュース