Орос хэлний боловсролыг сэргээн хөгжүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-12 10:35:25
Ховд/МОНЦАМЭ/ОХУ-ын Улаанбаатар хот дахь Соёл шинжлэх ухааны мэдээллийн төвийн салбар Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын дэргэд нээгдлээ. Уг төв байгуулагдсанаар Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль болон олон нийтийн орос хэлний боловсролыг сайжруулах, ЕБС-д ажиллаж байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна. 
Энэ төвийг түшиглэн сурагчид орос хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна тус улсад тэтгэлэгээр үнэ төлбөргүй суралцаж, дэлхийн боловсрол эзэмших боломж нээгдэж байгаагаараа давуу юм. Ховд аймгийн дэргэдэх БСУГ-ын дэргэдэх Орос хэлний оройн курсэд одоогийн байдлаар Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий Боловсролын долоон сургуулиас 1-р сургууль, Цаст алтай цогцолбор сургууль, 6-р сургуулийн 12-р ангийн нийт 16 сурагч ОХУ-ын Тувагийн их сургуульд элсэх бэлтгэл ангид суралцаж байна.
Цаашид Орос хэлний багш нарын холбоо нь гишүүн багш нартай хамтран уг төвд хичээлийн бус цагаар орос хэлний урт, богино хугацааны дамжаа, оройн курсуудыг хичээллүүлэхээр төлөвлөжээ.
Одоогоос 30-40 жилийн өмнө аймгуудад тухайн үеийн  ЗСБНХУ-аас орос хэлний багш нар дунд сургуулиудад урилгаар хүрэлцэн ирж хичээл заадаг, тэр үеийнхэн орос дууг дуулдаг, шүлэг зохиолыг шимтэн уншдаг, ярианы хэлтэй байсан төдийгүй Монгол Орос хоёр орны хамтын ажиллагаа салбар бүрт илүү нягт ахан дүүсийн барилдлагатай хамтарч ажилладаг байсан билээ.
А.Бямбасүрэн
関連ニュース