“Дээд боловсролын шинэчлэл төсөл” –ийг Ховд их сургууль хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-13 10:01:15
Ховд/МОНЦАМЭ/ БСШУСЯ-наас Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа юм. Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Ховд их сургуульд ажиллаж, төслөөс хэрэгжүүлсэн оюутны санаачилгын таван төсөл, зайны сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төлөөлөгчдийг Ховд Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Лхагвасүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор Б.Энхжаргал, Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор З.Бурмаа нар болон дээд боловсролын шинэчлэл төслийн оюутны санаачлагын төслийн удирдагч оюутнууд хүлээн авч уулзав. 
ХИС-ийн тухай ерөнхий мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор Б.Энхжаргал, “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн оюутны санаачилгын төслүүдийн үр дүн, хэрэгжилтийн талаар Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор З.Бурмаа нар танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө. 
“Дээд боловсролын шинэчлэл” төслөөс Ховд их сургуулийн оюутны санаачилгын таван төсөл хэрэгжүүлсний дүнд оюутнууд харилцан бие биенээсээ суралцсан олон эерэг дүн гарсан нь танилцуулга, мэдээллээс харагдаж байсан юм.
Их, дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгон төгсгөхөд чиглэсэн “Дээд боловсролын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж амжилттай  эхлээд байна. Уг төслийг Засгийн газрын 2,22 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Ховд их сургуулийн оюутны санаачилгын 14,999,500 төгрөгийн санхүүжилт бүхий таван төсөл хэрэгжиж байна.
А.Бямбасүрэн
関連ニュース