Амьдрал бэлэглэгч “Донор”-уудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-15 10:42:42
Ховд/МОНЦАМЭ/ Жил бүрийн 6-р сарын 14-ний өдрийг дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Ховд аймгийн хувьд нийт 662 донор бүртгэлтэй байдаг ба  жилдээ 200 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
350 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг гэж үздэг. Тэгвэл Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Цусны салбар банк нь өнгөрсөн 2016 онд 1780 хүнд амьдрал бэлэглэжээ. Бусдад амьдрал бэлэглэх сайхан сэтгэлийн үүднээс тогтмол цусаа өгч буй доноруудаа энэ өдөр алдаршуулан "ХҮНДЭТ ДОНОР"-оор өргөмжиллөө. Энэхүү сайн үйлсэд Капитал банкны ажилтан Д.Даваасум, Онцгой байдлын газрын ажилтан Б.Нямдорж нар "ХҮНДЭТ ДОНОР"-оор тодорлоо. Мөн Норвегийн ОУБ-аас Ховдод ажилладаг,  байнгын цусаа бэлэглэдэг 15 донорыг  энэ өдөр алдаршуулж урамшуулав.  
Тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг доноруудыг БОЭТ, ЭМГ, Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Хөгжил Политехник коллеж, үүрэн холбооны Unitel, Mobicom, Төрийн банк, Хас банк, Хаан банк, МҮЭ, Цэцэг төв худалдааны төв,"Баясгалант өндөр хөхий" ХХК зэрэг байгууллагууд алдаршуулан, урамшуулж гарын бэлэг гардуулсан бол "Маралжин" эмийн сангаас доноруудыг витаминжуулжээ. 
 А.Бямбасүрэн
 
関連ニュース