Сонгуулийн санал тоолох төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-19 08:29:24
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг Ховд аймгийн Сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу хийж  байна. Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга гишүүд, төлөөллүүдэд сонгуулийн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл технологийн төвийн мэргэжилтэн Ш.Нэмэхжаргал энэ  оны 06-р сарын 17-ны өдөр Ховд Нисэх онгоцны буудал дээр албан ёсоор хүлээлгэн өгч, тэдгээрийг Тагнуулын байгууллагын хяналттай, Цагдаагийн хамгаалалттай хүлээж авлаа.
Ховд аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 52264 сонгогч бүртгэгдсэн, нийтдээ 92 санал авах байр ажиллаж байна. Тэгвэл 99 ширхэг санал тоолох төхөөрөмж, 52057 ширхэг саналын хуудас хүлээж авлаа. Энэ нь хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Батбаяр хэллээ. Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг 6 дугаар сарын 20-21 хүртэл аймгийн Тагнуулын газрын хяналтанд хадгалах бөгөөд санал тоолох төхөөрөмжийг 6 дугаар сарын 20-ны өдөр сумдын Сонгуулийн хорооны дарга нар, технологийн мэргэжилтний хамтаар Цагдаагийн ажилтны хяналтан дор хүлээж авна. Харин саналын хуудсыг аймгийн Сонгуулийн хороо мөн өдрийн 11 цагт улс орон даяар явагдах өгөгдөл дамжуулах туршилтыг явуулсаны дараа сумдын Сонгуулийн хороонд хүргэх ажлыг зохион байгуулах юм. Хуулийн дагуу санал хураалт явагдахаас гурван хоногийн өмнө саналыг хуудсыг тухайн санал авах байранд бүрэн хүргүүлсэн байх ёстой учраас Ховд аймгийн Сонгуулийн хороо энэ ажлыг хуулийн хүрээнд, шуурхай зохион байгуулахаар ажлаа төлөвлөж байна.
 А.Бямбасүрэн
関連ニュース