Аймгийн хэмжээнд 3,28 сая толгой малд вакцинжуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-27 11:13:21
Ховд/МОНЦАМЭ/ Хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн 2 дугаар сараас  эхлээд Малын эрүүл мэндтэй холбогдсон вакцинжуулалт,  халдваргүйжүүлэлт,  ариутгалын ажил  хийгдэж  байгаа  бөгөөд  6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд нийт 3 сая 280 мянган толгой малд вакцинжуулалт хийсэн байна.  
Түүнчлэн бог малд 10 төрлийн вакцинжуулалт хийгээд байна. Ирэх 7 дугаар сард шүлхий, мялзан өвчөөс  урьдчилан сэргийлэх вакцин хийх аж. Эдгээр вакциныг хийснээр энэ оны вакцинжуулалтын ажил бүрэн дуусах юм байна.   
Үүнээс гадна “Шилмэл мал” хөтөлбөр хэрэгжиж, ХХААХҮЯ-наас аймгийн хэмжээнд  зохиомол  хээлтүүлгийн ажлыг зохион байгуулах гэж байна. Энэ удаад ирэх долоо хоногийн сүүлчээр ХХААХҮЯамны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газраас мэргэжилтнүүд ирж, “Үхэр” сүрэгт зохиомол хээлтүүлэг хийх юм байна.
Мөн Бог малын үүлдэр угсааны чанарыг сайжруулах зорилгоор орон нутгийн шилмэл мал болох торгууд хонь, сутаа омгийн хонины хээлтүүлэгчээр 200-300 орчим хуц бэлдсэн байна. Ямааны үүлдэр угсааны чанарыг  сайжруулах хүрээнд алтайн улаан  ямааны 300 гаруй ухныг цөм сүрэг болгон бэлджээ. 
Үүнээс гадна Сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг нь малын эрүүл мэндийн асуудал, хүн амын хүнсний аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарч, вакцинжуулалтын төлөвлөгөө болон малын өвчинтэй тэмцэх  зорилгоор малын хашаа, өтөг бууцыг халдваргүйжүүлэх, ариутгах ажлыг сум орон нутагтаа чанартай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.   
А.Бямбасүрэн
関連ニュース