Улсын бий биелгээний улсын наадамын дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-04 10:52:25
Ховд/МОНЦАМЭ/ Монгол зуны наадам олон ястны өлгий нутагт Улсын бий биелгээний анхдугаар наадмаар эхэлсэн билээ. Уг наадамд баруун бүсийн аймгуудаас нийт 400 гаруй ардын авьяастан, бий биелээчид, сонирхогчид оролцож гурван өдрийн турш “Үндэсний өв тээгч, авьяастнуудын уран налархай бий биелгээ” зуны өдрүүдийг чимлээ.
Ховд аймгийн ИТХ, ЗДТГ наадамыг амжилттай зохион байгуулж, амжилттай оролцсон авьяастнуудад шагнал гардуулж, Монголын Үндэсний телевизийн уран бүтээлчид багаараа хүрэлцэн ирж баримтат нэвтрүүлэг хийлээ.
Улсын наадамын насанд хүрэгчдийн хамтлаг төрөлд Ховд аймгийн Зэрэг сумын “Өв” хамтлаг түрүүлж 2,0 сая төгрөгөөр шагнуулж, удаахь байранд Увс аймгийн “Мөргүүл”, Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган, Ховдын театрын “Дөрвөн ойрд”  хамтлаг удаахь байруудад орлоо.
Насанд хүрэгчдийн гоцлол биелгээний төрөлд Ховд аймгийн Буянт сумын бий биелээч Г.Цэнд Аюуш түрүүлж 1 сая төгрөгийн эзэн болж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бий биелээс И.Самжид, Улаанбаатар хотоос оролцогч Э.Ундрал нар удаахь байр эзэллээ.
Бий биелгээний улсын анхдугаар  наадмын нэгэн содон  чанар  нь үндэсний их  соёлын өвийн дээжийг ахмад, дунд үеийнхэн хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршиж байсан юм.
Монгол тэр дундаа баруун монгол түмний дөрвөд, захчин, урианхай, өөлд, торгууд үндэсний хувцсаар гоёсон бяцхан бий биелээчид үзэгч түмний сэтгэлийг өөрийн эрхгүй татаж, үндэсний өв соёлын бахархалыг яах аргагүй төрүүлж байсан билээ.
Улсын анхдугаар наадамд 0-5 нас, 6-10 нас, 15-17 насны хүүхдүүд хамтлаг болон гоцлол төрлөөр оролцсон юм.
Хүүхдийн хамтлаг төрөлд 0-5 насны ангилалд Увс аймгийн “Ойрд” хамтлаг 1 дүгээр байр эзэлж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Ирээдүй”, Манхан сумын “Таван хуруу баг удаахь байр эзэллээ.
Хүүхдийн 6-10 насны хамтлаг бийчдийн төрөлд Ховд аймгийн Алтай сумын “Харуул Алтай” хамтлаг тэргүүлж, Эрдэнэбүрэн сумын “Ойрд эгшиглэн”,  Зэрэг сумын “Мөргөл” хамтлаг эзэллээ.
А.Бямбасүрэн
   
関連ニュース