Г.Пүрэвганди:Залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нэлээн ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-18 14:35:21
Ховд/МОНЦАМЭ/ /Иргэдийн оролцоотойгоор эдийн засаг болон хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг  тодорхойлон хэрэгжүүлж олон үндэстэн ястан ард түмний аж амьдралыг дээшлүүлэн ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж буй Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Ховд аймгийн ИТХ-ын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай ярилцлаа.

- Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө эхний хагас  жилийн байдлаар хэдэн хувийн биелэлттэй байна вэ?  Ер нь хичнээн бодлогын баримт бичиг, тогтоол, журам батлагдан хэрэгжиж  байгаа вэ?
- Аймгийн ИТХ-ын байгууллага нь Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоогдсон эрх, үүргийн хүрээнд 2017 онд дэвшүүлсэн зорилтоо хангахын тулд жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд 6 бүлэг, 98 асуудлыг тусган хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Энэ оны эхний хагас жилийн байдлаар аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан хуралдаж аймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг  хэлэлцэн шийдвэрлэсэн бол хурлын чөлөөт цагт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 8 удаа  хуралдаж, 7 төлөвлөгөө,  10 хөтөлбөр, 5  журам,  орон нутгийн өмчийн асуудал болон  цаг үеийн бусад асуудлаар нийт 60 гаруй тогтоол, шийдвэрийг баталлаа.
Тодруулбал,
Хүний хөгжил, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийг дэмжсэн “Эрүүл мэндийн эрсдлийг бууруулах”, “Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин”, “Эх хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ”, “Спортын аварга, ”Ахмадаа ачлая” “Олон үндэстэн ястны өв соёл”, “Чадварлаг Ховдчууд”, “Тунгалаг  бүртгэл”, “Тайван амгалан Ховдчууд” хөтөлбөр зэрэг томоохон хөтөлбөр, журмуудыг батлан хэрэгжүүлж байна.
 
- Аймгийн ИТХ-ын Стратеги төлөвлөгөөний талаар тодруулахгүй юу?
- Аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөө нь Ховд аймаг ямар чиг баримжаатай, хэрхэн, яаж хөгжих талаар тодорхойлсон бодлогийн баримт бичиг  бөгөөд 6 бүлэгтэй. Бүлэг бүрт тодорхой зүйл заалтуудтай. Жишээлбэл, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм, байгаль экологи, боловсрол гэх мэт аймгийн бүх салбарыг хөгжүүлэх  томоохон зорилт дэвшүүлсэн төлөвлөгөө юм.
Үүнээс гадна аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаанаар Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна. Энэ хөтөлбөр батлагдсанаар байгаль орчин, технологийн дэвшил, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон асуудал шийдвэрлэгдэж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд тус бүр үйл ажиллагаагаа төлөвлөн хариуцлагатай ажиллаж байгаа.
 
- ИТХ буюу Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Иргэд хөдөлмөрчид болон албан байгууллагуудаас байнгын санал хүсэлт, албан бичиг ирж байдаг. 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үеэр хичнээн албан бичиг, санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн вэ? 
- Хурлын байгууллагын энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны явцад  албан байгууллагуудаас 300 орчим албан бичиг ирсэн байна. Харин иргэд хөдөлмөрчдөөс 71 өргөдөл  ирснийг  зохих журмаар шийдвэрлэн өргөдөл гаргагчид  мэдэгдэж ажилласан байна. Ер нь иргэдээс ирж буй байнгын хүсэлт нь ажлын байрыг  нэмэгдүүлэх тухай асуудал байна. Ялангуяа 20-36 насны залуучууд ажилгүй иргэдийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Дээд боловсрол эзэмшсэн залуу үеийнхэн ажилгүй байгаа нь бидний хувьд маш их сэтгэл зовоосон асуудлын нэг. Тиймээс бид бүхэн ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, өрхийн амьжиргаа орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх талаар тодорхой бодлого боловсруулан ажиллаж байгаа. Мөн Залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр  нэлээн ажил хийнэ.
 
- Тэгвэл Залуу малчдыг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ?  Малжуулах хөтөлбөрийн  талаар тодруулахгүй юу?
- Төр засгаас малчид тэр тусмаа залуу малчдыг дэмжих чиглэлээр олон хөтөлбөр, бодлого хэрэгжүүлж байна. Түүний нэг жишээ нь Малжуулах  хөтөлбөр юм.  Тус хөтөлбөр нь энэ өнгөрсөн сараас манай аймагт хэрэгжиж эхэлсэн. Сум бүрээс 1-ээс 2 малчин сонгон сумын Засаг даргын саналыг авч, сумын ИТХ-аар хэлэлцэж малжуулах хөтөлбөрт хамруулж байгаа юм.  
 
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, хөгжүүлэх ямар бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг вэ?
- Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэд, хүүхдүүдийг дэмжих нь төр засгийн байгууллагын үүрэг. Миний бие саяхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнд оролцсон. Тэдэнд тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр аймгийн ИТХ-аас  зөвлөмж гарган ажиллаж байгаа. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийг ашиглалтад оруулаад байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний төвийг байгуулахаар зураг төслийг нь гаргаж, шавийг нь тавьчихсан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлогын баримт бичгүүдийг боловсруулж  үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
 
- Хурлын байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхижуулах, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхэд ямар бодлого баримтлан ажилладаг вэ? 
- Шат шатны Хурлын Төлөөлөгч нарыг сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх, мэдээллээр хангах зайлшгүй шаардлага байгаа. Өнгөрсөн оны 11 сард “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, сумын ИТХ–ын Төлөөлөгчдийн Үндэсний суурь сургалтыг 3 ээлжээр зохион байгуулж, 390 орчим төлөөлөгчдийг хамрууллаа. Цаашид ч үе шаттай сургалтыг төлөвлөсөн байгаа.
Хурлын Төлөөлөгчдийн ажиллах орчин нөхцлийг хангах, сайжруулах зорилгоор аймгийн ИТХ-д Төлөөлөгчдийн танхимийг бий болгосон. Уг танхим нь аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бусад цагт тус Төлөөлөгчид үйл ажиллагаа явуулж, иргэд сонгогчидтойгоо уулзах, мэргэжлийн байгууллага, иргэдийг оролцуулсан хурал, зөвлөгөөн хийх, мэдээлэл авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд Төлөөлөгч нар  маш идэвхитэй ажиллаж байгаа. Үүнээс гадна Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг чадавхижуулах сургалтыг 1 дүгээр сард, ИТХ-ын дарга нарын сургалтыг 03 дугаар сард Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран зохион байгуулаад байна.
Хурлын байгууллага нь доод шатныхаа ИТХ-ын байгууллагуудад зөвлөн туслах үүрэгтэй бөгөөд сумдын ИТХ-ын байгууллагуудтай байнгын уялдаа холбоотой ажилладаг. Мөн энэ 4, 5 сард аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 11 суманд  ажиллаж, сумдын ИТХ-ын үйл ажиллагаа, гарч буй шийдвэр, эрх зүйн актууд нь хуулийн хүрээнд байгаа эсэхийг  шалгаж, зөвлөн туслах үүргээ гүйцэтгэн ажиллалаа.
 А.Бямбасүрэн
 
 
 
 
関連ニュース