Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн төсөл Ховд аймагт хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд энэ сарын 7-10-ны өдрүүдэд Япон, Монгол талын хамтарсан баг Ховд аймагт ажиллах юм.
Төслийн талаар Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника тэргүүтэй төлөөлөгчдийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа П.Баттогтохтой уулзах үеэрээ танилцууллаа.
Төслийн талаар Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника тэргүүтэй төлөөлөгчдийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа П.Баттогтохтой уулзах үеэрээ танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед газар зүйн байрлалын хувьд ихээхэн эмзэг бүс нутагт хамаарах, баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэхүү төсөл хэрэгжих болсон нь тун чухал асуудал юм. Мөн бүсийн тулгуур төв Ховд аймагт хэрэгжсэн төслийн үр дүнд бий болсон арга барилыг тухайн бүсийн аймгуудад төдийгүй, бусад бүсийн аймаг, орон нутагт хэрэгжүүлэх тал дээр Онцгой байдлын байгууллагын зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ П.Баттогтох илэрхийлсэн юм.
Харин Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника ОБЕГ-ын зүгээс төслийн ач холбогдлыг онцгой үнэлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын дэмжлэг, Японы Нагоя их сургуулийн болон Монгол Улсын Их сургуулийн эрдэмтдийн мэдлэг, арвин их туршлагад тулгуурлан энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.
А.Бямбасүрэн