Баруун бүсийн аварга тогооч шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-10 13:33:11
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийн аймгуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхны мэргэжил ур чадвар дээшлүүлэх сургалт, урлаг, спорт, ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймгийн төв Ховд хотод өнөөдөр нээлтээ хийлээ.

Анх удаа зохиогдож буй тус тэмцээнд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Монгол Улсын ХХҮААХЯ–ны мэргэжилтэн Д.Даваадулам, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Монголын Мастер Тогоочдын Холбооны Тэргүүн, Мастер Тогооч Д.Буяндэлгэр, Монголын Кулинарын холбооны ерөнхийлөгч Н.Хандсүрэн нар Хоол үйлдвэрлэгчдийн баруун бүсийн аймгуудын тэмцээнийг нээж үг хэллээ.

Баруун бүсийн аварга тогооч,зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх тэмцээнд Улаанбаатар хотоос Монгол Улсын 10  мастер тогооч Олон улсын хэмжээний мастер тогооч БатбаатарНаранбаатарЦагаанцоожНямбаяр, Эрдэнэбат, Болдбаатар, Цэрэнпагма, СувдмааДархижив, Мөнхцэцэг нар болон Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудын тогоочдын холбоо баг тус бүр 20 хүний бүрэлдэхүүний хамт оролцож байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны баруун бүсийн тэмцээний нээлт дээр Монголын Кулинарын Холбооны ерөнхийлөгч,Монгол Улсын Худалдааны Гавьяат ажилтан Н.Хандсүрэн “Манай  холбоо Дэлхийн тогоочдын холбооны гишүүн байгууллага, Монголынхоо тогоочдын ур чадварыг дээшлүүлэх, Олон улсын хэмжээний тэмцээнд оролцох, мэргэжлийн түвшинг ахиулж, дэлхийн өндөр зэрэглэлд хүргэх зорилготой ажилладаг. Баруун бүсийн мэргэжил нэгтнүүд  хоолны зэсээ сайжруулж, аймгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал. Монголын мастер тогоочдын дэд ерөнхийлөгч Батбаатар нарын олон улсад нэр хүндтэй мастер тогооч нар  Монгол орныг бүсчилж,тогооч нарын ур чадварыг сайжруулж байна.Нэр хүндтэй мастер тогоочдоос суралцаж, Монгол Улс,төдийгүй дэлхийн тавцанд нэр хүндээ өргөж, ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Монголын Мастер Тогоочдын Холбооны Тэргүүн, Мастер Тогооч Д.Буяндэлгэр энэхүү тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Ховд аймгийн ЗДТГ Мэргэжлийн Хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, оролцогч зургаан аймгийн ЗДТГ-ын хамт олонд талархал дэвшүүллээ. Тэрээр тэмцээнд Монгол Улсын нэртэй мастер тогооч нар оролцож байгааг дурдаад “Тогооч мэргэжил бол бурхнаас хүнд өгсөн асар том хишиг, Тогооч хүн хаа ч явсан дүрэмт хувцсаа шүтэж явдаг. Энэ цаг мөчид ч тэр, ямар нэгэн үйл ажиллагаанд ч тэр амьдралаа залгуулж яваа тогоочийн нэр алдрыг өргөдөг  дүрэмт хувцсаа дээдлээрэй. Учир нь тогооч хүний өмсөж байгаа цагаан хувцас сүүн цагаан  сэтгэл, цагаан гарыг бэлгэдэж байдаг” гэж цөөн үгээр тогооч нарын өдөр тутам мөрдөх цэвэр нямбай байдлыг эрхэмлэх зарчмыг хэллээ.

Монголын нэр хүндтэй мастер тогоочдын баруун зургаан аймгийн хоол үйлдвэрлэгч нарт зориулсан тэмцээн эхний өдөр  төрөөс хүнсний аюулгүй байдлын талаар баримталж буй арга хэмжээ, хоол үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан асуудал,түүнээс гарах боломж, ОХУ, БНХАУ-ын хоол үйлдвэрлэлийн хөгжил, Эрүүл ахуйн зохистой дадал хэвшил, Транс тосны хэрэглээ,эерэг,сөрөг тал, хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт, хүнсний ногоо ашиглан цагаан хоол хийх  сургалтаар эхэллээ. Сургалтын дараа оролцогчдод сертификат гардуулах юм байна.

Баруун бүсийн зургаан аймгийн тогооч нарын дунд зохион байгуулагдах "Баруун бүсийн аварга" шалгаруулах тогооч нарын тэмцээн энэ  сарын 10-13-ны  өдрүүдэд үргэлжлэх юм. Маргааш аймгуудын тогоочдын холбооны багуудын дунд  гар бөмбөг, буухиа тэмцээн, урлагийн наадам болно.

Гурав дахь өдөр хамгийн гол оргил хэсэг үргэлжлэх бөгөөд Ховд аймгийн төв Ард Аюушийн талбайд жагсаал хийж, Орон нутгийн онцлогтой хоол идээ, ундааны үзэсгэлэн худалдаа явуулж,Баруун бүсийн аварга тогооч,зөөгч, ажил мэргэжлийн уралдааны шалгаруулалт  Цаст Алтай цогцолбор сургууль дээр болох юм.
А.Бямбасүрэн
 

関連ニュース