Малын эмч, мэргэжилтнүүд мялзан өвчнийг хээрийн нөхцөлд оношлох аргад суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-18 11:20:45
Ховд /МОНЦАМЭ/. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг /WCS/, Мал амьтанд эмгэг бие бүтцийн задлан шинжилгээ хийх талаар Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар хамтран аймгийнхаа бүх  сумдын малын эмч, мэргэжилтнүүдэд зориулж энэ сарын 17-19-ний өдрүүдэд сургалт явуулж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалтыг тус нийгэмлэгийн мэргэжилтэн Матеу Прувот, Д.Батчулуун нар удирдан явууллаа.

Эхний өдрүүдэд малын эмч, мэргэжилтнүүд Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх, Халдвар хамгааллын хувцас өмсөх тайлах, дараалал анхаарах асуудал,Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчний өнөөгийн байдал, Хурдавчилсан оношлуураар бог малын мялзан өвчнийг хээрийн нөхцөлд оношлох арга зэрэг мэдлэг, мэдээлэл олгож байна.
Үүний дараа дээрх шинэ мэдлэг мэдээлэл дээр тулгуурлан мал ахуйн талбар, бодит амьдрал,хээрийн нөхцөлд дадлага хийх талаар сургалт үргэлжиллээ.
Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Лабораторийн эрхлэгч сургагч багш Ө.Мөнхбаатар хонь, ямаанд иж бүрэн задлан хийх, Нян вирус, эмгэг –эд судлал бусад шинжилгээнд дээж авах талаар орон нутгийн малын эмч нарт дадлага ажил зохион байгуулж, дадлагыг малын эмч нар бүлэгт хуваагдан гардан хийх ажлаар үргэлжилж байна.
WCS нь Дэлхийн 60 гаруй оронд 500 орчим төсөл, хэрэгжүүлж буй Олон Улсын байгаль хамгааллын төрийн бус байгууллага юм. 
WCS-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь 2003 онд Улаанбаатар хотод албан ёсоор байгуулагдсан. Зүүн болон Говийн бүсэд зүйлд тулгуурласан байгаль хамгаалал ба судалгаа шинжилгээний арвин туршлагатай. Үүнд нүүдлийн амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, тэдгээр амьтдад тохиолдох халдварт өвчний судалгаа зэргийг шинжлэх ухаанд суурилсан арга зүй ашиглан судалсаар ирсэн юм байна. 
А.Бямбасүрэн
関連ニュース