Бэлчээрийн нөөц хүрэлцээ маш муу, нийт сумдын нутгаар даац хэтэрсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-21 11:20:08
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Хүнс Хөдөө аж Ахуйн Газрын дарга Т.Баатарзоригтой уулзаж аймгийн цаг үеийн ажлын талаар ярилцлаа.

- Энэ зуны хувьд манай аймаг хур бороогүй  нэлээд гандуу зун боллоо. Бэлчээрийн ургамлын гарц ямар байна вэ?
- Аймгийн Засаг даргын захирамжаар цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг энэ оны 5 дугаар сарын 2 ноос эхлэн зохион байгуулж, бэлтгэл ажлыг бүрэн хангаж 18 удаа нөлөөлж 200 гаруй мм хур тунадас орууллаа. Бэлчээрийн ургацын даац  Аймгийн хэмжээнд нийт 84 зогсоол цэгт Бэлчээрийн төлөв байдлын ажиглалт судалгааг хийхэд тухайн зогсоол цэгт урд жилүүдэд ургаж байсан ургамлын төрөл зүйл цөөрсөн, ургамал хэт хатаж шарласан, ургацын гарц маш муу байна.
Алтай, Үенч, Булган сумдын нутгаар ургац 1.0-3.0 ц/га ургацтай, Алтай салбар уулсаар 0.5-1.0 ц/га ургацтай, ихэнх сумдын нутгаар ургац маш бага 0.0-0.5 ц/га ургацтай гарсан нь ирэх 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн нөөц хүрэлцээ маш муу, нийт сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарах төлөвтэй байна.
 
-Аймгийн хадлангийн ажлын явцтай та танилцсан. Ургамлын ургац гарц тааруу байгаа энэ үед ямар бодлого барьж байна вэ?
-Аймгийн бүх малыг гурван хоног тэжээх өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг аймагт 200-аас доошгүй, сумдад 50-аас доошгүй тн-ыг бүрдүүлсэн байх чиглэл өгч ажиллаж байна. Аймгийн аюулгүй нөөцөд 200 тн өвс нөөцлөхөөс 130 тн өвс бэлэн байна. Энэ жил 45,0 сая төгрөгөөр өвс, тэжээл нэмж нөөцлөхөөр бэлтгэж байна.
Аймгийн Онцгой комисс  хуралдаж хадлангийн бүс нутаг руу мал, малчид оруулахгүй байх, нийт хадланчдыг наймдугаар сарын 05-ны дотор хадланд оруулах шийдвэр гарган сумдад хүргүүллээ. Нийт сумдын хадланчид хадландаа орсон. Одоогийн байдлаар 18,0 мянган тн хадлан бэлтгэж, 30 хувьтай, хужир шүү бэлтгэл аймгийн дүнгээр 5,7 мянган тн бэлтгэхээс 2,4 мянган тн бэлтгэж 43,0 хувьтай байна.

-Нийт нутгаар гандуу байгаа энэ цаг үед отор нүүдэл хэрхэн зохион байгуулах вэ?
-Отроор мал өвөлжүүлэх сумдад гэрээ хэлцлийг есдүгээр сард багтаан зохион байгуулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан малыг отроор өвөлжүүлэхэд онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл сумдын удирдлагуудад өгөөд байна.

-Ирэх өвөл,хавар хэчнээн толгой мал өвөлжих вэ?,
-2017-2018 оны өвөл урьдчилсан байдлаар нийт 91 багт 7279 малчин өрхийн 3714,1 мянган мал /үүнээс тэмээ 24,5 мянга, адуу 137,3 мянга, үхэр 195,0 мянга, хонь 1419,6 мянга, ямаа 1937,7 мянга/  хонин толгойд шилжүүлснээр 5417,1 мянган мал өвөлжихөөр урьдчилсан дүн мэдээ гарч  байна
Хилийн зурвас бүс нутагт 124 өрхийн 152,6 мянган мал,  Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1209 өрхийн 844,4 мянган мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 423 өрхийн 348,4 мянган мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна.
 А.Бямбасүрэн

関連ニュース