Зах дээрээс худалдаж авсан тарваганы мах идээд тахлын халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-29 10:24:47
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутагт Жаргалант сумын Цамбагарав багийн Турлиахтын 2 дугаар байранд иргэн  М зах дээрээс худалдаж авсан тарвагаа хөлдөөгчиндөө хадгалж байгаад өвчиж, чанаж идсэний улмаас тарваган тахал өвчнөөр өвчилсөн тухай Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргалаас тодрууллаа.

-Иргэн М тарвага хаанаас худалдаж авсан эх үүсвэрийг нь тогтоосон уу? Хүмүүс Ховдын Дарви, Мөст суманд тахал гарсан гэх цуу яриа гараад байна?
-Иргэн М анх мэдүүлэг өгөхдөө тарвага авсан газрын нэр хаягаа буруу зөрүү өгч будилсан. Уг тарвагыг анх Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг Улаагчийн даваа гэдэг газраас агнаж авч ирсэн юм байна лээ.
Тэрээр энэ оны долдугаар сарын 20-26-нд зах дээрээс агнасан тарвага худалдаж аваад хөлдөөгчиндөө хадгалж байгаад наймдугаар сарын 23-нд гаргаж ирээд орой 11.00 цагт өвчсөн. Нөгөө тарвагаа өвчиж байхдаа гараа эсгэсэн. Маргааш өдөр тарваганы махаа 2-3 цаг буцалгаж чанаж идсэн. Өдөр 1 цаг өнгөрөөд эхнэр хүүхдээ дагуулж зах явж, хүнсний ногоо авч Булган сум руу аав, ээждээ явуулсан. Гэртээ ирээд бие нь өвдөж, халуурч, толгой эргэж бөөлжсөн.
Иргэн М өөрөө аймгийн Зооноз өвчин судлалын газарт ажил тарах үед хандсан. Манай эмч нар үзэж тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж онош тавьсан. Манай ажилтнууд надад мэдэгдэж хаашаа ч хөдлөхгүй хол хорио тавьж аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нарт мэдэгдсэн.
Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдвартын тасагт 01-ийн хамгаалах хувцас хэрэглэлтэй халдвартын тусгай тасагт иргэн М-ийг тусгаарлаж хол хорио тогтоосон.

-Одоо иргэн “М “-ийн биеийн байдал ямар байна вэ?
-Аймгийн Халдавартын тасгийн хоёр их эмч үзлэг, эмчилгээ хийж байна. Өвчтөний биеийн байдал хэвийн байна.

-Зооноз өвчин судлалын төв уг өвчтөнөөс тарваган тахлын  шинжилгээ авч, хариуг нь Улаанбаатар хот руу явуулсан. Хариу нь яаж гарсан бэ?
-Манай Зоозон өвчин судлалын төв цусны шинжилгээ, шархны шүүс, хөөмийн арчдас, шулуун гэдэсний шинжилгээг 21 цагийн дотор нацаар харахад тарваган тахалтай төстэй нянгийн савханцар байгааг тогтоосон. Сериологийн шинжилгээ дахин тавихад тарваган тахлын хөөмийн арчдас, шархны шүүс эерэг заасан.
Шинжилгээний дээжийг Зооноз Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлж, шинжлүүлэхэд онош баталгаажиж ирсэн.
-Яг одоо аймгийн төвд тарваган тахлын нянгийн савхарцар илэрчихсэн байгаа энэ үед ямар арга хэмжээ авч байна вэ?
-Аймгийн Онцгой комисс хуралдаж Халдвартын тасагт хол хорио тогтоож, иргэн М-ийн ар гэрийнхнийг тусгаарласан. Өнөөдөр, маргааш хөл үймээн ихтэй зах, том том худалдааны төвүүд, олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хорио цээр тогтоож хязгаарласан.

Тархалтын нууц үе 2-3 хоног байдаг. Нэгдүгээр хавьтагч хамтарч тарвага өвчсөн хүн халуурахгүй, ямар нэг шинж тэмдэг илрэхгүй бол ЭМЯ-ны сайдын  тушаалаар хорио цуцалдаг.
А.Бямбасүрэн
   
 
 
関連ニュース