Бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцох "Бартер"-ын худалдаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-29 16:21:29
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг дотоодын хямд үнэтэй, чанартай бараагаар хангах, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцох боломжийг бүрдүүлсэн “Бартер”-ын үзэсгэлэн, худалдаа өнөөдрөөс Дархан-Уул аймагт эхэлж байна.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүр хамтран "Үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд" үзэсгэлэн бартер худалдааг гурав хоног зохион байгуулж байна. Аймгийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” төвийн байранд болж буй үзэсгэлэн, худалдаанд “Дархан нэхий”, “Дархан савхи”, “Ромелт”, “Шүтэн уул”, “Мөнхийн үсэг”, “Сонголт оймс”, “Дархан билгийн нүд”, “Сэтгэл шингэсэн үйл”, “Дархан шир”, “Нандин гоёл”, “Дэвжих ноос”, “Бадрах мишээл”, Зураач урчуудын “Асар тэнгэр өөд” холбоо оролцож байгаа юм.

Оролцогч байгууллагаас онцолвол, хичээлийн дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж, хил залгаа орших аймаг сумдын сурагчдын тодорхой хувийг ханган нийлүүлдэг “Шүтэн уул” ХХК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид ихээхэн сонирхож байлаа.

Энэхүү үзэсгэлэн, худалдааг “Бартер” гэж онцолсон нь эдийн засаг хүндхэн, хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор иргэдэд санхүүгийн хүндрэл үүсдэг учраас солилцоо хэлбэрээр зохион байгуулахаар ийнхүү шийдвэрлэжээ. Тодруулбал үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид харилцан бие биенээ дэмжин үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ солилцох, түүхий эд, материалиа солилцоо хэлбэрээр авах зэрэг худалдаа хийх боломжтой. Мөн төмс, хүнсний ногоо тариалагчид хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг тарьсан ногоогоороо солилцон авах боломжийг нээжээ.
Л.Отгонбаатар
関連ニュース