Архангайн урчуудын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-16 16:07:06
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Урчуудын эвлэлийн хорооноос “Архангайн урчууд”-ын шилдэг, шинэ бүтээлүүдийн хоёр дахь үзэсгэлэнг гаргаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд нийт 20 гаруй урчуудын 10 гаруй төрлийн 100 гаруй бүтээл тавигдсан юм.
Үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулахад уран зургийн төрөлд зураач, барималч Н.Сандаг-Очирын бүтээлүүд, уран сайхны гэрэл зургийн төрөлд Б.Цээпилийн зургууд шилдэг бүтээлээр шалгарсан байна. 

Тус үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн түүхт 75 жилийн ой, аймгийн урчуудын эвлэлийн салбар хорооны 70 жилийн ойг угтаж хийж байгаа ба үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, НБХ-ийн дарга Б.Буяннэмэх, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж зэрэг аймгийн удирдлагууд оролцож, гурван уран бүтээлчийг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа.





 
Үзэсгэлэнд Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн МУСГЗ С.Дагвадорж, Ж.Цолмонхүү, аймгийн урчуудын эвлэлийн гишүүд, гэр бүлийнхэн, уран зураг  болон гэрэл зураг сонирхогчид хүрэлцэн ирсэн байлаа. Үзэсгэлэн энэ сарын 18-ныг дуустал аймгийн Номын сан мэдээллийн төвийн үзэсгэлэнгийн хоёр танхимд гарах бөгөөд иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.
Б.Гэрэлт-Од
関連ニュース