Б.Жигжидсүрэн: Зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн малын хулгайн хэргийг илрүүлсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээг ЦЕГ болон аймгийн ЦГ-аас зохион байгуулж байгаатай холбогдуулан Архангай аймгийн Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Жигжидсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээг ЦЕГ болон аймгийн ЦГ-аас зохион байгуулж байна? Энэ хүрээнд Жаргалант сумын хэмжээнд ямар ажлууд хийгдэв?
-Жил бүр энэ арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагддаг. Энэ дагуу хариуцсан сумынхаа онцлогт тохирсон салбар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал малын хулгайг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар малчдад сургалт хийлээ. Бүлэг нөхөрлөл байгуулах талаар ярилцаж малчдын санал бодлыг сонсож, хамтран ажиллах талаар харилцан ярилцах зэрэг төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
-Жаргалант сумын хувьд малын хулгайн гэмт хэргийн гаралт ямархуу хэмжээнд байдаг вэ?
-Хот хоорондын зам дагуух сумдыг бодвол малын хулгайн гаралт багатай. Саяхан айлын гурван үхэр хулгайд алдагдсан хэрэг гарсан. Мэдээлэл хүлээн авсны дагуу бид шуурхай ажиллаж хулгайн гэмт хэргийг илрүүллээ. Зохион байгуулалттай бүлэг этгээд Зуслан багийн нутагт айлын өвөлжөөн дээр очиж гурван үхрийг нядлаад тээвэрлэж явах үед нь Булган аймгийн Эрүүгийн Цагдаагийн тасагтай хамтран шуурхай илрүүлж, хохирогчийн хохирлыг барагдуулаад байна.
-Яг өдийд өвлийн идэш хоол бэлтгэдэг үе. Энэ үеэр малын хулгай ихэсдэг. Хулгайн болон бусад гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэд, малчдын үүрэг ч бий?
-Малчид маань бүлэг нөхөрлөл байгуулаад зохион байгуулалтад ороод эхэлбэл малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. Цаашлаад малаа хулгайд алдсан л бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж бидэнтэй хамтран ажилласны үр дүнд тухайн хэрэг шуурхай илрэх өндөр магадлалтай. Цаг алдаж ирсэн мэдээллээс болж хэрэг илрэх хугацаа уртсах гээд сөрөг тал олонтой. Иргэд эрхээ ч эдэлж мөн үүргээ ч биелүүлэх ёстой. Ойр орчимд нь сэжигтэй этгээд, тээврийн хэрэгсэл байгаа бол цагдаад шуурхай мэдэгдэх шаардлагатай. Малчид хэсэг бүлгээрээ, айл саахалтаараа хамтраад нэг зохион байгуулалтад ороод малаа байнгын харуултай байлгах юм бол малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход маш чухал нөлөө үзүүлнэ. Мал таны хувийн өмч учраас малчид хариуцлагатай хандах хэрэгтэй л дээ. Энийг л үүргээ биелүүлэх гээд байгаа юм.
-Тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээл юу байна?
-Хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд мэдээж иргэдийн оролцоо сонор сэрэмж, хамгаалалт чухал. Мөн камержуулалт хийх шаардлагатай байна. Энэ ч үүднээсээ Жаргалант сумын удирдлагуудад сумаас гарах гарц болсон гурван даваан дээр камер байрлуулах асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан байгаа. Малын хулгайнаас гадна модны хулгайн асуудал, зун болоод ирэхээр самар дагасан зөрчил багагүй гардаг. Энэ гурван гарцан дээр камер суурилуулчихвал бүгдийг хянадаг болох юм. Мөн бидэнд хамгийн их тулгамддаг асуудал нь унаа, бензин түлшний асуудал. Хөдөөнөөс дуудлага ирлээ гэхэд нормын бензин байдаггүй. Туулах чадвар сайтай машин зайлшгүй шаардлагатай. Сумын ЗДТГ-ын хуучин УАЗ-469 машиныг манайд шилжүүлж өгсөн. Яаралтай дуудлага ирэхэд өөрсдөө аргалаад явах тохиолдол ч олон. Уг нь аймгийн Засаг дарга Сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргын гурвалсан гэрээний дагуу сумаас сард 30-50 литр бензин шийдэж өгөхөөр тусгасан байдаг ч биелэлт хангалтгүй байдаг. Энэ гэрээнд суманд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг тухайн сум бүрэн хангах үүрэг хүлээсэн байдаг. Энэ тал дээр удирдлагууд анхаарлаа хандуулах нь сум орон нутгийн, иргэдийн аюулгүй, амар тайван байдлын төлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд чухал нөлөө үзүүлэх юм.
Б.Гэрэлт-Од