Архангайнхан “Эрүүл байх Миний эрх” уриалгад нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-01 16:06:03
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхий даяараа ДОХ-той тэмцэх өдөр. Энэхүү “Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр”-ийн хүрээнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан “Эрүүл байх Миний эрх” уриалга гарган орон нутгийн түвшинд ДОХ-ын эсрэг өдрийн арга хэмжээнүүдийг зохиолн байгуулж байна. Тухайлбал, 11-р сарын 27-ноос эхлэн ЕБС, их дээд сургуулийн оюутан, сурагчдад БЗХӨ-ний талаарх мэдээллийг шат дараатай өгч, Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй бүхий л төрийн болон ТББ-уудын албан хаагчдыг “Эрүүл байх Миний эрх” уриалгад нэгдүүлж,  мэдээлэл өгчээ.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Ирээдүйн босго” өсвөр үеийн төв нь ФЛОМ ОУБ-тай хамтран “Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийг өнгөрөгч гуравдугаа сараас эхлүүлж, ЕБС-ийн ахлах ангийн 300 гаруй сурагчийг нөхөн үржихүйн эрүүл мэнд болон БЗДХ/ДОХ болон бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулжээ.

Архангай аймагт энэ оны 10 дугаар сарын байдлаар БЗДХ/ДОХ илрүүлэх үзлэгийг нийт 2597 хүнд хийжээ. Үүнээс БЗДХ-ын 168 тохиолдол илэрснээс тэмбүү 72, заг хүйтэн 12, трихоминаз 84 тохиолдол тус тус шинээр илэрснийг эмчлэн эрүүлжүүлсэн байна. 

Б.Гэрэлт-Од
関連ニュース