Архангай аймаг Жэрэс олон улсын байгууллагатай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-04 10:58:30
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Жэрэс олон улсын байгууллагын Төв Азийн бүсийн захирал Майяа Лиза Форс нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү санамж бичгийн хүрээнд Жэрэс олон улсын байгууллагаас уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад нөлөөлөх чиглэлээр малчдыг болон шийдвэр гаргах түвшний хүмүүсийг мэдлэгжүүлж чадавхжуулах зорилгод хамтран ажиллах юм.

“Санамж бичгийн хүрээнд Архангай аймаг, сум, багийн бүхий л түвшинд техникийн дэмжлэг үзүүлнэ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Олон улсын болон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрхэн буулгаж хэрэгжүүлэх вэ гэдэгт арга зүйн дэмжлэг, шаардлагатай тохиолдолд санхүүгийн эх үүсвэрийг дээрх үйл ажиллагаатай холбох зэрэг ажлууд хийнэ” хэмээн Жэрэс олон улсын байгууллагын Төв Азийн бүсийн захирал Майяа Лиза Форс хэлж байлаа.

Архангай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд малын тоо өсч, бэлчээрийн даац хэтрэн, ургадаг ургамлууд нь ургахаа больж, өвөл зуны харьцаа өөрчлөгдсөн зэрэг байгаль цаг уурын өөрчлөлтүүд бий болсон байна. Энэхүү уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэл багатайгаар даван туулах арга замыг олсон байх нь энэхүү санамж бичгийн гол үр дүн ажээ.
Үүнээс гадна Санамж бичгийн хүрээнд Жэрэс ОУБ-аас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийг барьж өгөхөөр болжээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース