Сумын төвөөс мал бүхий иргэдийн малыг албадан гаргахад хүндрэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-06 15:25:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын төвд мал оруулахыг хориглосон шийдвэр гараад хоёр гурван жил болж байгаа. Гэтэл энэ өвөл сумын төвөөр бод мал олноор бэлчиж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал дээр хяналт тавих ёстой газар нь Баруун-Урт сумын ЗДТГ юм. Тиймээс тус сумын Байгаль хамгаалагч Н.Гантөмөрөөс энэ талаар тодруулахад, мал бүхий иргэдийн малыг албадан гаргах үндэслэл байхгүй учир хүндрэлтэй хэмээн тайлбарлав.

Тэрээр хэлэхдээ “Манай зүгээс айлуудыг малаа аймгийн төвөөс гаргах санамжийг хэд хэдэн удаа өгсөн ч иргэдийн зүгээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир боломжгүй гэдэг хариултыг өгч байгаа. Мал бүхий иргэдэд дээрх асуудлаар хариуцлага тооцох, малыг нь албадан гаргах ямар нэгэн эрх зүйн акт байхгүй учраас энэ талаар арга хэмжээ авахад ихээхэн хүндрэлтэй байгаа. Одоогоор Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ хамтран аймгийн төвд орж ирсэн малыг хаших, эздэд нь хүлээлгэн өгч сануулах арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.

Одоогоор Баруун-Урт суманд 10 гаруй өрхийн 100 гаруй толгой мал өвөлжиж байгаа аж. Эдгээр өрхийн малыг 11 дүгээр сарын эхээр Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн Мал эмнэлгийн албатай хамтран шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулсан байна.
Т.Одончимэг

関連ニュース