Ч.Батмөнх: Сайн ажиглавал яг нэг ижил шаазан тун ховор байдаг шүү
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв, дөрөвдүгээр багт оршин суугч Ч.Батмөнх, гэргий М.Цэвэлмаагийн хамтаар Монгол үйлдвэрийн шаазан эдлэлүүдийг 10 гаруй жилийн өмнөөс цуглуулж эхэлжээ. Өдгөө 100 хол давах тооны болсон төдийгүй бүгд л монгол үйлдвэрийнх, ижил загварынх хэрнээ сайн ажиглавал хэлбэр хийц нь арай өөр өөр байх аж. Цуглуулганых нь талаар Ч.Батмөнхтэй цөөн хором хуучиллаа.
-Монгол шаазан эдлэлүүдийг хэзээнээс сонирхон, цуглуулж эхэлсэн бэ?
-Монгол шаазан эдлэлүүдийг хэзээнээс сонирхон, цуглуулж эхэлсэн бэ?
-10 гаруй жилийн өмнөөс цуглуулсан. Би эхээс 11-үүлээ. Аав ээжийн гал голомтоос надад Энх-Амгалан хааны шаазан бурхан надад ирсэн байдаг. Айлын бага, эрх хүүхэд байсан гэдэг утгаараа надад ирсэн байх. Тус шаазандаа "хань татаж", нэмж цуглуулсаар 100 гаруй төрлийн шаазантай болоод байна даа.

-Анхны цуглуулгадаа юу авч байв?
-Энх-Амгалан хаан авч байсан. Эхлээд гурван Энх-Амгалан хаантай болж байсан юм байна.
-Цуглуулгуудаас тань хамгийн ховор нандин нь юу байгаа бол?
-Эвтэй дөрвөн амьтан, таван хошуу малын шаазан одоо их ховордсон. Мөн шаазангаас гадна тухайн бүтээлүүдийг ясаар хийсэн нь ч бий. Манайд ясаар хийгээд, шаазангаар бүрсэн гүц бий. Орж, гарсан хүн болгон их сонирхоно.
-Хэдий үеийн шаазангууд голчлон байна вэ?
-30-аад оноос 1956 он хүртэлх шаазангууд байгаа.
-Цуглуулгандаа нэмэхийг хүссэн, тун олдохгүй байгаа шаазан бий юу?
-Зэрлэг ан амьтдын дүрсээр цуглуулгаа баяжуулмаар байна. Мөн ойрын үед, овор хэмжээ томтой өвлийн өвгөн, цасан охины "эрэлд" гараад байгаа. Саяхан эрэл сурал болж олсон чинь хагархай байж таарсан. Ер нь одоо бүрэн бүтэн, ховор шаазан авахад хэцүү болоод байна.
-Танайд хамгийн олноороо байгаа ямар шаазан байна?
-Энх-Амгалан хаан 10 гаруй бий. Тамгатай, тамгагүй, нүд, хөмсөг гээд хийц бүр нь ялгаатай. Өвөр дээрх хүүхдийн эрэгтэй эмэгтэйн тоо нь хүртэл өөр байдаг. Сайн ажиглавал яг нэг ижил шаазан тун ховор байдаг шүү.
-Цуглуулгын хамгийн үнэтэй нь ямар шаазан бэ?
-Ер нь шаазангийн үнийн хувьд 20-30 мянга, дээд тал нь 500-800 мянга хүрэх нь ч байдаг. Тухайн хүн ямар үнэ хэлнэ, боломж нөхцөлдөө тулгуурлаад ярьж хөөрөөд л ханшаа тогтоодог. Манайд эвтэй дөрвөн амьтан бүрэн бүтнээрээ нэг байна. Тухайн үедээ 400-аад мянгаар худалдаж авч байлаа. Уг нь хоёр байсны нэгийг өөр нэлээн хэдэн шаазангаар сольчихсон юм. Бас Юндэн, Нансалмаа хоёрыг нэлээд үнэтэй авч байсан юм байна.
-Ингэхэд таньтай ижил сонирхолтой, шаазан цуглуулдаг айл хэр их байдаг бол? Харилцаа холбоо байдаг болов уу.
-Ихэнхдээ худалдан зарж борлуулдаг хүмүүстэй уулзаж байсан, яг цуглуулга болгож өргөжүүлснийг харж байгаагүй. Ер нь байдаг байх.

-Танайх бага насны хүүхэдтэй юм байна. Тэгэхээр ховор нандин цуглуулгуудаа хэрхэн хамгаалж байгаа вэ?
-Олонхийг нь авдрандаа хадгалдаг. "Аав аа, гого авдранд байгаа тийм ээ" л гэдэг юм. Охиноо сургуульд орчихоор нь бүх шаазангаа дэлгэнэ дээ. Гэхдээ миний охин балчир ч гэсэн охин хүүхэд юм болохоороо аливаад эвтэй, шаазанд тэр бүр гар хүрдэггүй. Цаашдаа аав, ээжийнхээ хобби-г дуурайж мэдэх тал ажиглагдаад байгаа /инээв/.
-Монголын шаазангийн үйлдвэр сэргээд ажиллаж эхэлж байгаа талаар мэдээлэл байсан. Та сонирхсон уу.
-Нэг залуу хийдэг юм билээ. Үзсэн. Шаазан хийхэд бол маш их хөдөлмөр ордогийг харсан л даа. Шавар баримал, хэв маягаа цутгана, шатаах, лакдах гээд шат дамжлага олонтой. Хэчнээн ажиллагаа орж, сэтгэл гарган хийж байгаа ч хуучны шаазанг гүйцэхгүй юм уу даа гэж ажигласан. Шинэ төрлийн шаазангаас худалдаж аваагүй.
-Таны цуглуулгаас худалдан авъя гээд ирвэл та хэрхэн хүлээж авах вэ.
-Зарж борлуулах сонирхол байдаггүй ээ. Нэр төрлийг нь олшруулах л зорилго байна. 500 гаруй төрөл хэлбэрийн шаазан байсан юм билээ. Тэр хэмжээнд нь дөхүүлчих юм сан гэж мөрөөддөг.
Б.Мөнхзул